
Зургийг: Dado Galdieri/Bloomberg
Зэсийн үнэ тавдугаар сард тонн нь 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрснээсээ хойш өдгөө 18 гаруй хувиар унаад байна. Хэдий тийм боловч дэлхий нийтийн цахилгаан шилжилтээс үүдэх эрэлтийг өнөөгийн нийлүүлэлт хангаж дийлэхгүй тул дунд, урт хугацаандаа зэсийн томоохон хомсдол нүүрлэнэ гэсэн хүлээлт бий.
“S&P Global Market Intelligence”-ээс “Зэсийн шинээр илрүүлсэн томоохон нөөцүүд” судалгаагаа шинэчилж, хайгуул, хөрөнгө оруулалт зэрэг тус зах зээлд үүсээд буй сорилтууд, ирээдүйд үүсэх хомсдол хэр ноцтой байхыг тодорхойлсон байна.
Шинээс хуучин нь дээр
Судалгаанд 1990-2023 оны хооронд илрүүлсэн, багадаа 500 мянган тонны нөөцтэй томоохон 239 ордыг багтаажээ. Тэдгээр ордын нийт нөөц 1.315 тэрбум тонн бөгөөд өнгөрсөн онд дөрвөн хувиар өссөн буюу 61 сая тонн нөөц шинээр илрүүлсэн байна. Гэхдээ шинэ нөөцийн дийлэнхийг хуучин ордын өргөтгөл, тэр дундаа 1990-ээд онд нээгдсэн ордуудад дахин хайгуул хийж илрүүлсэн байгаа юм.
Хэдийгээр өнгөрсөн онд зэсийн хайгуулын зардал 12 хувиар өссөн ч сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий даяар ердөө дөрвөн шинэ нөөц (нийт 4.2 сая тонн) илрүүлсэн нь санаа зовоох үзүүлэлт болж байна.
Эндээс харвал зэсийн томоохон шинэ нөөцийн илрүүлэлт буурах хандлага үргэлжилсээр байна. Компаниуд шинээр хайгуул хийх бус хуучин орд, нөөцийг өргөтгөхөд гол анхаарлаа хандуулсаар байгаа нь бууралтад шууд нөлөө үзүүлж байгааг судалгаанд онцолжээ. Зэсийн хайгуулын нийт зардалд шинэ төслийн эзлэх хувь 1990, 2000-аад онд 50-60 хувьтай байсан бол 2023 оны судалгаагаар 28 хувь болж, хамгийн доод түвшинд хүрсэн нь үүнийг нотолж байгаа юм.
Тиймээс хайгуулын трендэд эргэлт гарахгүй л бол зэсийн шинэ ордын илрүүлэлт өчүүхэн хэвээр үлдэх төлөвтэйг тодотгожээ. Үүгээр зогсохгүй зэсийн үнэ өндөр байгааг үл харгалзан зэсийн хайгуулын зардал ам.доллароор тооцвол 10 жилийн өмнөхөөсөө хамаагүй доогуур байгаа нь байдлыг улам дордуулж буй. Тухайлбал: 2023 оны зэсийн хайгуулын нийт зардал 2012 оны дээд дүнгээс 34 хувиар буурсан байна.
Хаяанд тулаад буй хомсдол
“S&P Global”-аас саяхан гаргасан “Commodity Briefing Service” тайланд зэсийн ойрын таван жилийн төлөв байдлыг хөндсөн бөгөөд тайлангаас үзвэл 2027 оноос эхлэн зах зээлд боловсруулсан зэсийн дутагдал нүүрлэхээр байна. Гэвч хамгийн их тулгамдаад буй асуудал нь зэсийн баяжмалын зах зээлтэй холбогдож байгаа юм. Тухайлбал: тус зах зээлд ойрын таван жилд хомсдолтой тулгарсан хэвээр байна хэмээн “S&P Global”-ийн мэргэжилтнүүд тооцоолжээ.
Зах зээлийн энэ мэт өөрчлөлтүүд хүлээлтэд нөлөөлж, нэг тонн зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж байсан нь саяхан. Зэсийн төслүүдийн талаарх “S&P Global”-ийн шинэ тайланд онцолсноор зэсийн уурхайнуудын нийлүүлэлт 2029 онд оргил цэгтээ хүрч, 2032 он гэхэд зэсийн баяжмалын дутагдал 2.2 саян тонн хүрч магадгүй байгаа аж. Нийлүүлэлтийн энэ зөрүүг нөхөх нь “зөөлөн боорцог” биш байхаар байгааг ч дүн шинжилгээнүүд харуулж байна.
Зэсийн нөөц бүхий ордыг нээж илрүүлэхээс анхны баяжмалаа гаргах хүртэлх дундаж хугацаа 2005-2009 оны хооронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уурхайнуудын хувьд 12.7 жил байсан бөгөөд энэ хугацаа улам бүр урт болсоор өнөөг хүрээд буй юм.
2020-2023 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн уурхайнуудын хувьд дээрх хугацаа 17.9 жил болж нэмэгдэхэд хайгуул, судалгаа шинжилгээ болон зөвшөөрөлд зарцуулагдах хугацаа уртассан, ТЭЗҮ-тэй холбоотой ажлууд дууссанаас хойш барилга, бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэлх хугацаа мөн сунасан зэрэг нь нөлөөлсөн байна. Энэ нь санхүүжилт босгох, барилгын зөвшөөрөл авахад зарцуулах хугацаатай хамааралтай байгаа юм.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com