
Зургийг: VCG/Visual China Group
БНХАУ-ын “Guming Holdings” компани Хонконгийн биржид хувьцаагаа анхдагч зах зээлд арилжаалж, 233 сая ам.доллар татан төвлөрүүлснээр Үүсгэн байгуулагч Ван Юнь Аний компанидаа эзэмшдэг хувь 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж эхэлснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Ингэснээр сүүлийн жилүүдэд тус зах зээлд борооны дараах мөөг мэт олширч буй тэрбумтнуудын эгнээнд Ван Юнь Ань нэгдэж байна. Боба цайны эрэлт тасралтгүй өсөж, 2018 онд 9.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан зах зээл нь дараагийн гурван жилд 71 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байгаа юм.
Хэдий тийм боловч ширүүн өрсөлдөөнтэй боба цайны салбарт хэт их мөнгө оруулж “хөөсрүүлэхээс” хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн энэ цаг үед Ван Юнь Ань компаниа нээлттэй болгож байна. Тухайлбал: боба цайг жимстэй хольсон “Chabaidao” хэмээх шинэ бүтээгдэхүүн гаргадаг “Sichuan Baicha Baidao Industrial” өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хонконгт IPO хийх үед үүсгэн байгуулагчдынх нь нийт хөрөнгө 2.7 тэрбум ам.доллар хүрч байжээ. Түүнээс хойш компанийнх нь хувьцааны үнэ бараг 50 хувиар буурч, хөрөнгө нь дагаад нэлээн хорогдсон байна.
Харин “Good me” брэнд нэрийн дор цайгаа борлуулдаг “Guming Holdings”-ийн хувьд өвөрмөц стратегиараа хөрөнгө оруулагчдын татна гэж “Goldman Sachs”, “UBS Group” зэрэг андеррайтерууд нь үзэж байна. Бусад компаниуд Бээжин, Шанхай зэрэг том хотоос гол орлогоо бүрдүүлэхийг зорьдог бол “Guming Holdings” боба цай түгээмэл зарагдаад байдаггүй жижиг хот, сууринуудыг онилж буй аж. Хятадын хөдөө орон нутагт боба цайны зах зээлийн өсөлт том хотуудынхаас илүү гарсныг Ван Юнь Ань онцолж байлаа.
Тэрбээр үүнийг итгэлтэй хэлж байгаа нь цаанаа учиртай аж. 200 мянган хүн амтай ч БНХАУ-даа нэлээн жижигт тооцогдох Жөжян мужийн Даши хотод тэрбээр 15 жилийн өмнө анх цайны мухлагаа нээж байжээ. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр түүний мухлаг эхэндээ бараг үйлчлүүлэгчгүй шахуу, өдөрт ердөө 100 юанийн орлоготой ажиллах үе ч байсан байна.
Яваандаа мухлаг нь сүлжээ болж, хөдөө нутгийн гүн рүү улам тэлсээр бараг 10 мянган салбартай болжээ. Асар өрсөлдөөнтэй зах зээлд ийнхүү тэсэж үлдсэн “Guming Holdings” 2023 оны эцсийн байдлаар нийт борлуулалт болон салбарын тоогоороо тус улсын боба цай үйлдвэрлэгчдийн дунд хоёрдугаарт бичигдэж байгааг IPO-ийн танилцуулгадаа онцолсон байна. Мөн “Good me” брэнд нь зах зээлд 9.1 хувийг эзэлж, БНХАУ-ын боба цайны топ таван брэндийн нэг болжээ.
Тайваньд анх үүссэн олон төрлийн жимс, цай нэмж, орцыг нь баяжуулсан, нялуун амттай, өндөр илчлэгтэй боба буюу “Bubble” цай Эх газрын Хятадад газар авахдаа эрс хувьсаж, “Мянганыхан” болон “Z” үеийнхний ухаангүй дурладаг ундаа болоод байгаа юм.