Зургийг: С.Батсайхан
Энэ оны II улиралд өрхийн сарын дундаж орлого оны нэрлэсэн үнээр 2.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24 хувиар буюу 485.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 хувиар буюу 86 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Үнийн нөлөөллийг хасаж тооцсон дүнгээр нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 255.3 мянган төгрөгөөр буюу 17.3 хувиар өссөн дүн боллоо. Бодит орлого нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 218.3 мянган төгрөгөөр буюу 31.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. “Эдийн засгийн өсөлтийг хэнд чиглүүлэх вэ, хэрхэн тогтвортой болгох вэ гэдэг нь өсөлт хэдэн хувьтай гарахаас илүү чухал асуудал болоод байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан өмнө нь онцолж байлаа.
Тайлант хугацаанд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь өрхийн мөнгөн орлогын дүн өмнөх улирлаас 3.2 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд сард 700 мянган төгрөгөөс 1.6 сая төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 47-73 хувийг тэтгэвэр тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа аж.
Өрхийн мөнгөн орлогын 56.4 хувийг цалин хөлс бүрдүүлж байгаа бол 22.9 хувийг тэтгэвэр, тэтгэмж, үлдсэнийг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний орлого бүрдүүлж байна.
IV-VI сарын хугацаанд өрхийн сарын дундаж мөнгөн орлогод хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.8 нэгж хувиар буурчээ.
Өнгөрсөн өвөл зудын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол өндөр байсан нь хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг Монголбанк тайландаа онцолж байв.