
Richard A. Brooks/AFP/Getty Images
Иений ханш цар тахлын өмнөх үеэсээ 45 хувиар суларч, тансаг зэрэглэлийн брэндүүд уг өөрчлөлтийг даган үнийн тохируулга хийгээгүй байгаа нь яг одоо Японд чамин бараа бүтээгдэхүүнүүдийг харьцангуй хямд үнээр авах ховорхон боломж бүрдүүлээд байна.
Тухайлбал "TAG Heuer Carrera" бугуйн цаг Токиод татваргүй барааны 10 хувийн хөнгөлөлтийг оруулаад 785 мянган иен буюу 5,087 ам.доллароор зарагдаж буй нь Нью-Йорк дахь үнээсээ даруй 1,350 ам.доллароор хямд байгаа юм.
Энэхүү хэмнэлтийн боломж нь дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчдыг татахын зэрэгцээ тэдний зарим нь ашгийн төлөө тансаг бүтээгдэхүүн дамлан худалдаалах зорилгоор Японыг зорих болжээ.
Японы төв банк өнгөрсөн сард иений ханшийг дэмжихийн тулд 2007 оноос хойш анх удаагаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч хөрөнгө оруулагчид Япон болон АНУ-ын хүүгийн түвшний зөрүү удаан хугацаанд хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаа юм. Сүүлийн байдлаар иен ам.долларын эсрэг 34 жилийн доод түвшиндээ арилжаалагдаж байна.
Цар тахлын өмнө Токиогийн Гинза дүүргийн гудамжнууд Япон барааг татваргүй үнээр авахаар ирсэн Хятад жуулчдын бүлгээр дүүрэн байдаг байсан бол өдгөө дэлгүүрүүдэд нь англи, франц, испани хэл л сонсогдох болсныг Bloomberg-ийн нийтлэлч Клэйр Баллентин онцолжээ.