
Зургийг: ulaanbaatar-airport.mn
Энэ онд дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 11.1 их наяд ам.доллар хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ эвдэх төлөвтэй байна. 1.17 их наяд ам.доллароор үнэлэгдэх дэлхийн агаарын тээврийн салбарын суудал дүүргэлт дөнгөж өнгөрсөн оны аравдугаар сард л цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшиндээ эргэн хүрээд байгаа юм.
Харин тус салбарын орлогын гол бүрдүүлэгч хэсгүүдийн нэг болох дамжин өнгөрөх зорчигч буюу транзит зорчигчийн тоо цар тахлын өмнөх түвшиндээ хүрч сэргэтлээ дахин хэдэн жил болохоор байгааг Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) 2022 онд мэдээлжээ. 2019 онд бизнесийн болон хувийн зорилгоор зорчсон 4.5 тэрбум зорчигч дэлхийн нисэх буудлуудаар дамжин өнгөрсөн байна.
Ердөө 1 хувь
“Sabre Market Intelligence”-ийн тооцооллоор олон улсын томоохон нисэх буудлуудад дамжин өнгөрөх зорчигчийн тоо нийт зорчигчдын 10-аас дээш хувийг эзэлдэг байхад “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин өнгөрсөн зорчигчид ердөө нэг хувийг эзэлдэг аж. Тодруулбал: 2023 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүлээн авсан зорчигчдын тоо 1.4 сая байснаас 18.4 мянга нь транзит зорчигч байжээ.
Аялал жуулчлалын улирлыг даган Монгол Улсын агаарын тээврээр зорчигчдын тоо өвлийн улиралд буурдаг хязгаарлагдмал зах зээлтэй. Энэ сул талыг транзит тээврээр нөхөж, улирлын нөлөөг бууруулах боломж байгааг МИАТ ТӨХК тодотгож байна.
“Замын дунд” оршдог Монгол Улсын хувьд газарзүйн байршлын давуу талаа ашиглан агаарын тээврийн зангилаа төв болох боломжийг бодлогын баримт бичигт тусгасан. Жишээ дурдахад Японоос Баруун Европ руу жилд 4.3 сая хүн, ХБНГУ-аас Азийн орнууд руу 3.9 сая хүн зорчдог" гэсэн статистик мэдээлэл байгааг МИАТ компани онцолж байлаа. Мөн геополитикийн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын олон улсын нислэгийн сүлжээ 43 хувиар хумигдаж, гадаадын 45 хот БНХАУ-тай шууд нислэгээр холбогдох боломжгүй болсон тухай “Bloomberg” саяхан мэдээлж байв.
Тэлэх боломж
Иймд хүлээн авах транзит зорчигчдын тоог нэмснээр агаарын тээврийн компаниудад нислэгийн давтамж нэмэгдэх, үндсэн зорчигчдын тариф буурах, агаарын хөлгийн тоог олшруулах, харин нисэх буудлын хувьд үйлчлүүлэгчдийн тоог дагаад нислэгийн болон нислэгийн бус орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал үүсэх аж. Цаашлаад аялал жуулчлалын салбар, зочид буудлуудын орлого сайжирч, улирлын хамаарал ч багасах юм.
"Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд гарч эхэлбэл хоёр их наяд төгрөгийн орлого олно" гэж тооцоолж байгаагаа МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцолж байлаа. Өнгөрсөн онд тус компани 14.6 мянган транзит зорчигч тээвэрлэж, 18 тэрбум гаруй төгрөгийн орлого олсон бөгөөд цаашид зах зээлд 85 мянган транзит суудал гаргахаар төлөвлөж байгаа аж.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир
ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Болор-Эрдэнэ