
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Улс орнуудын эдийн засгийн хамгийн өргөн хүрээний мэдээллийг багтаадаг судалгааны тайлангуудын нэг болох Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан саяхан танилцуулагдлаа. Монгол Улс тус тайланд өрсөлдөх чадвараар 67 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдэв.
Тэнхээ сайжирсан ч…
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс сүүлийн 35 жилийн турш жил бүр гаргаж буй дээрх тайланд тухайн улсын дата мэдээллийн олдоц, эдийн засгийн нөлөөлөх чадвар, тогтвортой байдал, харьцуулагдах боломжийг харгалзан харьцангуй цөөн улсыг багтаадгаараа онцлогтой. Монгол Улсын хувьд энэ онд өмнөх оныхоос нэг байр ахиж, ӨАБНУ-ын хойно, Бразилын өмнө 61 дүгээрт бичигдсэнээр 2018 оноос хойш тасралтгүй буурч байсан үзүүлэлтээ ялимгүй ахиулжээ.
Өрсөлдөх чадварыг хэмждэг дөрвөн гол бүлэг үзүүлэлтийг харвал эдийн засгийн тамир тэнхээгээр Монгол Улс 18 байраар буюу огцом ахиж, 42 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын худалдааны эерэг нөлөө, тэр дундаа төсвийн ашиг, хөрөнгийн нийт хуримтлал, урсгал дансны үлдэгдэл зэрэг өнгөрсөн оны экспортын сайн үзүүлэлтийн үр дүнгүүд Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг ихээхэн дэмжжээ.
Хэдийгээр эдийн засаг ийнхүү хүчирхэгжсэн ч бусад үндсэн бүлэг болох бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтцэд төдийлөн дэм болж чадаагүй нь тайлангаас харагдаж байна. Бизнесийн байгууллагын үзүүлэлтээр хоёр байр ахисан бол дэд бүтцийн үзүүлэлтээр нэг байр ухрахад шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тааруу дүн нөлөөлжээ.
Түүнчлэн 67 улсаас сүүл мушгисан туслах үзүүлэлтүүдэд бохирдлын асуудал болон мэдлэг дамжуулах байдал багтсан байна.
Айсуй сорилтууд
Өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсад 2024 онд тулгарах магадлалтай сорилтуудыг мөн онцолжээ. Үүнд:
- Төсвийн зарцуулалтын өсөлт, популист амлалтууд нь мөнгөний нийлүүлэлтийн тэлэлтийг өдөөх магадлалтай
- Сонгуулийн дараа валютын ханшийн огцом савлагаа үүсэж болзошгүй
- Өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох нүүрсний экспортын биет хэмжээ болон үнийн дүн огцом буурснаас эдийн засгийн сорилтууд үүсэх эрсдэлтэй
- Хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болно
2024 оны тайлангийн бусад онцлох үр дүнгээс дурдвал Сингапур гурван жилийн дараа тэргүүн байраа буцаан авч, Швейцар, Данийг ардаа орхин нэгдүгээрт бичигджээ. Харин эдийн засгийн тамир тэнхээгээр АНУ, засаглалын үр ашиг болон дэд бүтцээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар Дани улс тэргүүлсэн байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com