logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ анхны эмэгтэй Төрийн тэргүүнээ сонгох уу, эсвэл Дональд Трамп дахин Ерөнхийлөгч болох уу
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 05 10:00
    1643

    Зургийг: Bloomberg

    Цагаан ордонд хэн очих нь дэлхий нийтэд нэн хамааралтай асуудал. АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хамгийн том өөрчлөлт гарахаар байгаа эдийн засгийн гол тулгууруудыг танилцуулж байна.

    Эрин үеийг тодорхойлж магадгүй гэгдэж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар 11 дүгээр сарын таванд буюу Монголын цагаар мягмар гарагийн орой эхэлж, лхагва гарагт үр дүн нь гарна. Сурталчилгааныхаа сүүлийн өдрийг нэлээд завгүй өнгөрүүлсэн нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нарын өрсөлдөөн АНУ-ын орчин үеийн сонгуулийн түүхэнд байгаагүй ширүүн байх төлөвтэй. 

    Урт шөнө айсуй

    АНУ-ын улс төр, эдийн засгийн бодлогын хоёр туйлыг төлөөлж буй хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялсан бай зах зээлд өндөр савлагаа үүсэх магадлалтай тул “Wall Street” урт, нойргүй шөнөд бэлтгэж байна. Тухайлбал: “JPMorgan Chase” банк арилжааны идэвхжил, савлагааг саадгүй давж гарахаар Европ, Азид ажиллах хүчээ нэмэгдүүлж байгаа бол “Goldman Sachs” Нью-Йорк дахь салбартаа борлуулалт, арилжааны багийн олон зуун ажилтнаа уртасгасан цагаар ажиллуулахаар төлөвлөжээ.

    unnamed (6).jpg

    Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Дональд Трамп ялна гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байлаа. Үүний нөлөөгөөр хувьцаанууд болон крипто өсөж, бондын өгөөж дээшилж, ам.долларын ханш ч чангарч байв. Гэтэл сүүлд гарсан томоохон санал асуулгуудын үр дүн хоёр нэр дэвшигчийн ялах магадлалын зөрүү хутганы ир мэт нарийн байгааг харууллаа.

    “ABC News” болон “Ipsos”-ийн сүүлийн санал асуулгаар АНУ-ын хэмжээнд 49 хувь 46 хувийн харьцаагаар Камала Харрис ялах магадлалтай гарсан бол “New York Times”-ийн ням гарагт танилцуулсан санал асуулгын үр дүнгээс харвал өрсөлдөөн ихтэй, гол есөн мужийн долоод нь Камала Харрис тэргүүлж байв. Харин “NBC News”-ийн санал асуулгаар хоёр нэр дэвшигч 49 хувь 49 хувь дээр яг тэнцсэн байна.

    Татвар: Орлогын албан татварыг бууруулах нь Дональд Трампын мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсэг. Тэрбээр Ерөнхийлөгч байх үедээ хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлтийн бодлогыг сунгаж, мөн компаниудын орлогын татварыг дахин бууруулна гэж буй. Харин Камала Харрис зөвхөн жилийн 400 мянган ам.доллароос доош орлоготой иргэдэд татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, мөн компаниудын татварын хувь хэмжээг өсгөж, тэрбумтнуудын орлогын татварын босго хэмжээг тогтоохоо амлаж байна.

    unnamed (7).jpg

    Гадаад худалдаа: Бизнесийн салбарт ирж болзошгүй хамгийн том “шок” нь гаалийн тарифыг огцом өсгөж, компаниудыг үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлэхээс өөр аргагүй болгох Дональд Трампын төлөвлөгөө байна. Тэрбээр импортын бүх бараанд 10-20 хувийн татвар ногдуулж, ялангуяа БНХАУ-аас ирэх импортын барааны тарифыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж өсгөнө гэж байгаа юм.

    Хэрэв нийт импортын тариф Дональд Трампын төлөвлөснөөр 20 хувьд хүрч, мөн БНХАУ хариу арга хэмжээ авна гэж үзвэл 2028 он гэхэд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.8 хувиар буурч, инфляц 4.3 хувиар өснө гэж “Bloomberg Economics” тооцоолжээ. Камала Харрис одоогийн Жо Байдены засаг захиргааны баримталж буй худалдааны бодлогыг ерөнхийд нь үргэлжлүүлэх дохио өгч байна.

    Цагаачлал: Бүртгэлгүй цагаачдыг албадан буцаах түүхэн том ажиллагаа явуулна гэдгээ Дональд Трамп амласан бол Камала Харрис шинэ хууль тогтоомж батлах, хууль бусаар хил давж буй цагаачдын тоог бууруулах зэрэг цагаачлалын илүү уян хатан шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дональд Трампын цагаачлалын хатуу бодлогын нөлөө эн тэргүүнд АНУ-ын бүтээн байгуулалт, зочлох үйлчилгээ, жижиглэн худалдааны салбаруудад илрэх юм.

    Эрчим хүч: “Зүгээр л өрөмдөөд бай” гэдэг үг Дональд Трампын энэ чиглэлийн бодлогын уриа гэхэд болно. Газрын тос, байгалийн хий, нүүрсний олборлолтын зохицуулалтыг зөөлрүүлж, хайгуул болон олборлолтод ашиглах улсын өмчийн газрын хэмжээг нэмэгдүүлэхээ тэрбээр амласан. Мөн ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд татаас олгох Жо Байдены засаг захиргааны бодлогыг дуусгавар болгоно гэж байгаа.

    Камала Харрисын бодлого цэвэр эрчим хүчний шилжилт рүү хэвийж байна. Өрхийн цахилгааны өртгийг багасгахын сацуу уур амьсгалын хямралыг цэвэр эрчим хүчээр давж гарах нь түүний гол зорилтуудад багтжээ.

    Төсвийн алдагдал: Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялсан АНУ-ын төсвийн алдагдал өснө гэж шинжээчид үзэж байгаа ч Дональд Трампын засаглал дор алдагдал даруй хоёр дахин өндөр байх магадлалтай аж. Алдагдал их байснаар бодлогын хүү өсөж, иргэд, бизнесүүдийн зээлийн өртөг нэмэгдэнэ гэсэн үг юм.

    Камала Харрисын мөрийн хөтөлбөрөөс тооцоолбол төсвийн алдагдал 10 жилийн хугацаанд өсөн нэмэгдсэн дүнгээр 3.95 их наяд ам.доллар хүрэх бол Дональд Трампын хувьд 7.75 их наяд ам.доллар хүрнэ гэж АНУ-ын Хариуцлагатай төсвийн хороо үзжээ.

    Cэтгэгдэл бичих