
Зургийг: Bloomberg
Дэлхийн авто зах зээлд БНХАУ-ын брэндүүд улам эрчээ авч, харин дийлдэшгүй гэгддэг байсан Японы үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хувиа алдсаар байна. Тухайлбал: дэлхийн автомашины хамгийн том зах зээл БНХАУ-д дотоодын компаниуд шинэ цахилгаан загваруудаараа бүрэн ноёрхож, Японы компаниудын хувьд тус зах зээлд оршин тогтнохын төлөө тэмцэж байгаа гэхэд болохоор байгаа юм.
Мөн БНХАУ-ын компаниуд “Toyota Motor”, “Honda Motor”, “Mitsubishi Motors” зэрэг алдартай компаниудын давамгайлдаг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хурдтай тэлж байна.
“Bloomberg”-ийн шинжилгээгээр Японы автомашин үйлдвэрлэгчид 2019-2024 оны хооронд БНХАУ, Сингапур, Тайланд, Малайз, Индонезын зах зээлд эзлэх хувиа бусад авто үйлдвэрлэгчидтэй харьцуулахад хамгийн өндөр дүнгээр алдсан байна.
Тайланд болон Сингапурт л гэхэд Японы компаниуд 2019 онд зах зээлийн 50 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 35 хувь болж буурчээ.
Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжих шилжилт нь харьцангуй удаан байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.