logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    Ханнес Такач: Узбекистан улс дуудлага худалдаа зохион байгуулж СЭХ-ний салбартаа $3 тэрбумыг татаж чадсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 28 17:00
    3837

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    “Амьдралдаа ганц л удаа очих газар гэж тодорхойлдог байсан Монгол Улс тэтгэврийн насныхны хүслийн жагсаалтад багтдаг байлаа"

    - Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7.2 хувь, харин 2024 онд 7.5 хувиар өснө гэж Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк тооцоолсон. Таны хувьд энэ нь эдийн засгийн мөчлөгийн сэргэлт байж болох уу? Энэ өсөлт түр зуурынх гэдэгтэй та санал нийлж байна уу?

    - Олон улсын байгууллагууд дундаас Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк хамгийн өөдрөг төсөөллийг танилцуулсан. Учир нь бид маш нарийн дүн шинжилгээ хийсэн. Жишээлбэл: өнгөрсөн онд бид Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өснө гэж тооцоолоход “Тооцоолол чинь “хэт өөдрөг” байна, боломжгүй зүйл” гэж хэлэх хүн цөөнгүй байлаа. Гэтэл бодит байдалд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өссөн шүү дээ. Бид Монгол Улсад явагдаж буй реформын шинжтэй өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулаад зогсохгүй хөрш зэргэлдээх улс орнуудын эдийн засаг, экспортын зах зээл болон аялал жуулчлалын салбаруудын нөхцөл байдлыг анхааралтай ажигласны үр дүнд тооцоолсон. Манай бүс хариуцсан Ахлах эдийн засагч гурван гол салбарт анхаарлаа хандуулж байгаа юм. Үүний нэг болох уул уурхайн салбарын хувьд замын дэд бүтэц сайжирч, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагаанд ахиц гарсан. Эдгээрт үндэслэн бид Монгол Улсын эдийн засгийн 2023 оны төсөөллийг гаргасан. Тухайлсан орнуудад визийн журамд өөрчлөлт оруулснаар гадаад жуулчдын урсгал нэмэгдэх тооцоо гаргасан. Сүүлийн байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо 600 мянга даваад байна. Гаднын жуулчид Монгол Улсыг бүр ч  илүү сонирхож эхэлж байгааг энэ тоо илтгэнэ. Аялал жуулчлалын салбар бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд оруулах хувь нэмрээрээ гуравдугаарт бичигдэх чухал салбар. Тийм учраас эдийн засгийн өсөлт тогтворжиж, цаашдаа өснө гэж би тооцоолж байна. Учир нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд тээг болж ирсэн зүйл бол яах аргагүй Монгол руу нислэг үйлдэх боломжтой орнуудын асуудал. Монгол Улс руу аялахад нислэг хомс учраас их хэцүү, өртөг өндөр байсан. Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн улстай “Open Sky” хэлэлцээрийн хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ингэснээр гаднын жуулчдыг татаж, Монголын үзэсгэлэнт байгалийг ирж үзэх боломж нээгдэх юм. Энэ онд үр дүн нь эхнээсээ ажиглагдсан ч гэж бодож байна. Бидний тооцооллоор ирэх онд Монгол Улсыг зорих гаднын жуулчдын тоо улам нэмэгдэх хүлээлттэй байна. Учир нь зочлохуйн салбар эрчимтэй хөгжиж байна.

    Аялал жуулчлалын салбарт барилга байгууламж, дэд бүтцийн асуудал тааруу байсаар ирсэн. Харин одоо зочлох үйлчилгээний чиглэлд олон барилга, байгууламж шинээр баригдаж байна. Энэ салбарыг хөгжүүлэх ажлууд хийгдсэнээр жуулчдыг ихээр татаж дагаад үйлчилгээний чанар сайжрах боломжтой юм. Өнөөдрийг хүртэл Монгол Улсыг “амьдралдаа ганц л удаа очих газар” мэтээр тодорхойлдог байлаа. Ялангуяа тэтгэврийн насны хүмүүсийн хүслийн жагсаалтад багтдаг улс байлаа шүү дээ. Чингис хааны төрөлх нутгийг нэг удаа ч болов үзье гэх хүмүүс. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн гэж би бодож байна. Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот илүү анхаарлын төвд орсон. Бүх хүн л Монголын хөдөө нутаг ямар сайхан бэ гэдгийг мэдэрч эхэлж байна. Харин одоо бол илүү соёлын өв талаас нь харж ойлгодог болсон байна. Учир нь өмнө нь хүмүүсээс “Монголын талаар юу мэдэх вэ” гэж асуухад тэд үргэлж Чингис хаан гэж хариулдаг байсан. Дэлхий даяараа л түүний талаар сонсоод мэдчихсэн байдаг. Гэхдээ бодит байдал дээр энэ нэрийн ард байгаль, ард түмний соёл, уламжлал, зочлох ёс гээд илүү өргөн утга санаа агуулагдаж байгаа. Монголд сошиал “influencer”-үүдийг урьж авчрахаас илүүтэй аялал жуулчлалын бус улиралд олон улсын хурал чуулганыг зохион байгуулах нь салбарыг бүхэлд нь дэмжихэд нөлөөтэй гэж бодож байна.

    Аялал жуулчлалын салбар өөрөө хөдөө аж ахуй, үйлчилгээний салбаруудад ч давхар нөлөөлж байдаг л даа. Тухайлбал: жуулчид хүнс хэрэглэнэ, үсчин орно, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авна, хоолны газраар үйлчлүүлнэ гэх мэт. Ингэснээр ажлын байр автоматаар бий болчхож байгаа юм. Монгол Улсын аялал жуулчлал улирлын чанартай байдаг нь хамгийн том асуудал болж байна. Зун цагт олон тооны жуулчин хүлээн авдаг ч өвөл нь жуулчдын тоо цөөрчихдөг. Иймд өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ, ямар үйлчилгээ санал болгох вэ гэдэг нь бид бүгдийн сорил болж байна. Монголд энэ чиглэлийн зарим санал санаачилгууд гарч байна. Харин өвлийн аялал жуулчлалыг ойрын хугацаандаа шууд л хөгжүүлчихнэ гэж хэлж болохгүй. Учир нь өвлийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх гээд цаг хугацаа их орно. Гэхдээ үүнийг өөр нэгэн шинэ боломж гэж харж болно. Энд Финляндын жишээг дурдаж болно. Финлянд улс өвөлдөө нэлээд хүйтэн. Хэдий тийм боловч финляндууд өөрийн улсыг Санта Клаусын эх орон хэмээн дэлхийд таниулсан учраас өвлийн жуулчдыг нутагтаа татаж чаддаг. Монгол Улс ч бас Азийн өвлийн өвгөний эх орон байж, жуулчдыг татаж болох шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлалын салбарын тухайд яривал ийм байна. Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд боловсруулалтын үйл явц тааруу байгаа . Жишээ нь: мах боловсруулалтын чанар шаардлагатай түвшинд хүрээгүй. Хүчин чадлын хувьд ч тэр хангалттай биш байсан. Нийт эдийн засгийн дата мэдээллийг харах юм бол хөдөө аж ахуйн салбар бол цар тахлын өмнөх түвшиндээ хүрч чадаагүй цорын ганц салбар. Энэ салбарт бид тодорхой, зорилтот санхүүжилт санал болгож эдийн засгийн өсөлтийг дэмжиж, мөн дотоодын компаниудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид үргэлж импортыг орлох талаар ярьцгааж байна.

    Хүнсний дэлгүүрт ороод өндөг авлаа гэхэд тэр нь импортын өндөг байх магадлал 50 хувьтай. Гэтэл өндөг үйлдвэрлэх тийм ч нарийн, хэцүү ажил биш шүү дээ. Хэдий тийм боловч нөхцөл байдал сайжирч байгаа. Хувийн хэвшлийн компаниуд өөрсдийн нөхцөл байдлаа илүү сайн ойлгож, сайжруулах талд их анхаардаг болжээ. Монгол Улсын эдийн засагт өөр нэг чухал, цаашид ч эргэлзээгүй чухал хэвээр байх хүчин зүйл болох уул уурхайн салбар. Энэ салбарын хувьд одоо хүртэл ямар асуудал байсан бэ гэвэл тийм ч олон компаниуд Монголд идэвхтэй хайгуулын ажиллагаа явуулдаггүй байсан. Тиймээс хөгжүүлэлтийн зөрүү үүссэн. Харин одоо илүү олон хайгуулын компаниуд Монгол Улсад анхаарлаа хандуулж, ялангуяа газрын ховор элемент олборлолтын салбарт хөгжүүлэлт хийх хүсэлтэй байгааг бид харж байна.

    Дэлхий даяар бүх зүйл цахилгаан хөдөлгүүрт технологи, ногоон шилжилттэй холбогдох болсон. Энэ чиглэлээр Монгол Улс нэлээн өвөрмөц нөхцөл байдалд байна гэж харж байна. Харин одоо уурхайнуудын үйл ажиллагааг бүрэн чадлаар нь явуулахад уул уурхайн салбарыг бүхэлд нь хангаж чадах хангалттай хэмжээний эрчим хүчний нийлүүлэлт байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. Эрчим хүчний хүртээмж уурхайнуудын хувьд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Хэдий тийм боловч энэ асуудлыг шийдэхийн тулд жишээлбэл: нар, салхины эрчим хүчийг цэнэг хураагуурын хадгалалттай хослуулсан хайбрид шийдлүүдийг ашиглаж, уурхайнуудын эрчим хүчний нийлүүлэлтийг баталгаажуулах боломжтой. Тэгэхээр энэ гурав бол бидний хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа салбарууд.

    Мөн үйлчилгээний салбар байна. Манай байгууллага Монголд өөрийн гэсэн зөвлөх үйлчилгээний багтай. Энэ баг маань компаниудад бүтээгдэхүүний багцыг нь тодорхойлж өгөх зэргээр бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллахад нь дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр тухайн компаниуд Монголын зах зээлд голлох тоглогчид болж чадах юм.  Бид мөн шинэ бүсчилсэн төсөл эхлүүлсэн. Энэ төслийн зорилго нь үйл ажиллагаа нь олонд танигдаж чадаагүй ч өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог, цаашдаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсад экспортлох боломжтой компаниудыг олж нээх явдал юм. Энэ бол бидний дараагийн хийхээр зорьж байгаа зүйл юм.

    - Ирэх онд болох УИХ-ын сонгууль зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэхэд ЕСБХБ-ны хувьд 2024 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ямар хүчин зүйлс эрсдэл дагуулж байна гэж таамаглаж байна вэ?

    - УИХ-ын сонгуулийг түр хойш нь тавиад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь юу вэ, үүнд ямар эрсдэл учирч болзошгүй вэ гэдгийг аваад үзвэл урд болон хойд хил хаагдах асуудал байна. Өнгөрсөн хугацаанд хил хаагдах бүрд эрдэс бүтээгдэхүүний экспортод үргэлж сөрөг нөлөөтэй байсаар ирсэн. Экспорт буурах нь эдийн засгийн өсөлтийг сааруулдаг.

    УИХ-ын сонгуулийн хувьд Монгол Улсын Засгийн газрын бодлого сонгуулийн дараа ч тогтвортой байж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадсан гэдгийг харуулах нь засгийн газрын хувьд маш чухал гэж бодож байна. Жишээлбэл: Узбекистан улсыг аваад үзье. Узбекистан улс бол бүс нутагтаа эдийн засгаа нээлттэй болгож, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах тал дээр маш сайн шинэчлэл хийж чадсан улсад тооцогддог. Узбекистан улс дуудлага худалдаа зохион байгуулж сэргээгдэх эрчим хүчний салбартаа гурван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж чадсан. Ганцхан салбарт шүү дээ.

    Бусад салбаруудад ч мөн хөрөнгө оруулалт татаж чадвал амжилттай байх нь гарцаагүй. Сонгууль болоод өнгөрсний дараа юу хамгийн чухал вэ гэвэл зөв бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дайсан гэж харах биш энэ салбарын хөгжилд түлхэж үзүүлэх дэмжлэг гэдэг талаас нь харах хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгжүүд дэх Төрийн нөлөөллийг бууруулах талд, хувийн компаниуд илүү сайн нөхцөлөөр илүү сайн ажиллахын тулд Төр биш, хувийн салбарынхан өөрсдөө энэ зохицуулалтыг хийх хэрэгтэй юм.

    - Хариуцлагатай санхүүгийн менежментийг бататгахын тулд санхүү, эдийн засгийн бодлого боловсруулах талд Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк Монгол Улсад ямар зөвлөгөө өгөх вэ?

    Бид эн тэргүүнд дэд бүтцүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дэд бүтэц гэдэг аливаа улсыг хөгжиж дэвшихэд амин чухал салбар юм. Тэгэхээр тээврийн холболтыг сайжруулах, хувийн салбаруудын оролцоог дэмжихэд хууль, эрх зүйн бодлого зохицуулалт хэр хангагдсан эсэхийг сайтар бататгах хэрэгтэй. Мөн дэд бүтэц гэдгээр би зөвхөн зам тээвэр, төмөр замын талаар яриагүй. Эрчим хүч дамжуулах шугамын асуудал байгаа. Монгол Улсын Засгийн газар эрчим хүч экспортлох зорилт тавьж байгаа гэж бодоход энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ руу өндөр хүчдэлийн шугам татах шаардлагатай болно. Ингэж байж, энэ бүх дамжлага зөв голдиролдоо орно. Энэ бол тун чухал.

    Монголын эдийн засгийн өсөлт одоогоор тогтвортой байгаа. Бүхий л үнэлгээний агентлагууд Монгол Улсын эдийн засгийг тогтвортой гэж үзэж байна. Энэ нь сайны дохио юм. Тэгвэл эндээс бид хэрхэн энэ бодлогоо ирээдүйд үргэлжлүүлэн авч явах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ингэж байж бид эдийн засгийн өсөлт оргил цэгтээ хүрээд зогсохгүй тогтвортой өсөх нөхцөлөөр хангагдах юм. Хүн бүр үүнд итгэлтэй байж чадна. Үүнд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол мэдээж хэрэг нэг хүнд ногдох үндэсний нийт орлого нэмэгдэх явдал. Тухайн улсад орж ирж буй ашиг орлого айл өрхүүдэд бодитоор хүрч, ард иргэдийн амьдралын чанар дээшлэх, мөн бэлэн орлого дээшлэх юм. Эдгээр нь маш чухал хүчин зүйлс. Ямар улс амжилттай байна гээд харвал дундаж давхаргын суурь сайн тавигдсан улсууд байгаа. Цөөн хэдэн чинээлэг болон бага орлоготой хүмүүсээс бүрддэг. Энэ нь эдийн засагт тогтвортой байдлыг бий болгоод зогсохгүй хүн амын амьдралын чанараар нь шууд харагддаг. Учир нь, эцсийн эцэст энэ бүх эдийн засгийн бодлого боловсруулалт, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа зэрэг нь эргээд хүн амдаа ашиг хүртээхийн тулд юм. Үүнийг л бодлого боловсруулалтдаа оруулж өгөх нь маш чухал. 

    Cэтгэгдэл бичих