
Зургийг: Qilai Shen/Bloomberg
2024 оны эхний хоёр сарын байдлаар БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар өмнөх оны мөн үеэс долоон хувиар, хөрөнгө оруулалтын хэмжээ 4.2 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ.
Эдийн засгийн өсөлт нь шинжээчдийн төсөөллөөс давсан нь БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих багц арга хэмжээний хэрэгжилтийг хойшлуулах уу гэсэн асуулт зах зээлд үүсгээд байна.
БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт мөн шинжээчдийн таамагтай ижил хувиар буюу 5.5 хувиар өсжээ.
Тус улсын эрх баригчид өнгөрсөн оны эцсээр эдийн засгийн өсөлтийг дэмжих багц арга хэмжээг зарласны дараа эдийн засаг нь зарим салбарт хүчээ авч байгааг аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт өссөн нь харуулж байна. Үүнээс өмнө БНХАУ-ын экспортын өсөлт мөн шинжээчдийн төсөөллөөс давсныг мэдээлж байсан юм.
"БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэснээр бодлого боловсруулагчид хийхээр төлөвлөж байснаасаа илүү өргөн хүрээг хамарсан бодлогын арга хэмжээ авах шаардлагагүй болно" гэж үзэж байгаагаа “Societe Generale” компанийн Эх газрын Хятадыг хариуцсан Эдийн засагч Мишель Лам илэрхийлсэн байна.
Өөрөөр хэлбэл бодлого боловсруулагчид мөнгөний бодлогыг сулруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын хэрэглэгчдийн зарцуулалтыг дэмжих талд арга хэмжээ авах түлхцийг бууруулж болзошгүй гэж шинжээчид үзжээ.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар эдийн засгийн өсөлтийг доош нь татсан хэвээр байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт өмнөх оноосоо есөн хувиар, орон сууцны борлуулалт 33 хувиар буурчээ.
Үүний зэрэгцээ оны эхний хоёр сарын байдлаар БНХАУ-ын газрын тосны олборлолт 118.76 сая тонн болж, шинэ дээд түвшинд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Сар шинийн баяртай холбоотойгоор өнгөрсөн сарын дунд үеэс БНХАУ-д газрын тосны эрэлт өсжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, олборлолтоо өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсгөсөн байна.