
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” төслийн үлдсэн 33 хувийг “Talon Energy” компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхэлснээ зарлалаа.
Мөн төслийн туршилтын үйлдвэрлэлийн цооногийн хийн гарц 2023 оны 12 дугаар сард өмнөх сараасаа 50 хувиар өссөнийг тус компани мэдэгджээ. Харин өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад бараг 3.5 дахин өссөн байна.
Хүйтний улиралд урьдчилан бэлдсэнээр 11-12 дугаар сард ч туршилтын үйлдвэрлэл нь 95 хувь буюу бүрэн хүчин чадалдаа ойр түвшинд ажилласнаа онцоллоо.
“TMK Energy” компани 2024 онд хийн гарцаа нэмэгдүүлэхийн тулд Нарийнсухайтад нэмэлт цооног өрөмдөх магадлалтай байгаа юм. Мөн одоогийн “Гурвантэс XXXV” төслийн бүсийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.