logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 07 16:55
    569

    Зургийг: Olezzo/iStockphoto

    Амралт нь хүний сайн сайхан байдал, эрүүл мэндэд дэм үзүүлээд зогсохгүй стресс, ажлаас халшрах хам шинжийн эрсдэлийг бууруулахад тустай

    АНУ, Канадын 2300 ажил эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 68 орчим хувь нь амралтаа авсан үедээ ч ажлаа хийсээр байдаг гэсэн үр дүн гарчээ.

    Цахим сургалтын “Elvtr” платформын 2023 онд явуулсан тус судалгаанд оролцогчдын мөн талаас илүү нь буюу 57 хувь нь амарч байх үедээ и-мэйлээ шалгахгүй л бол сэтгэл амардаггүй хэмээн хариулсан байна.

    “Хүмүүс шаардлагагүй байхад ажилдаа оролцож амралтаа тасалдуулах нь их байдаг. Ажилдаа анхаарахгүй л бол болохгүй гэсэн түгшүүрийн мэдрэмж бидэнд суучихсан” хэмээн цагийн менежментийн зөвлөх Келли Нолан өгүүлж байлаа.

    Түүнчлэн коучинг платформ “BetterUp”-ийн захирал Жолен Андерсон хэлэхдээ “Амралт нь хүний сайн сайхан байдал, эрүүл мэндэд дэм үзүүлээд зогсохгүй стресс, ажлаас халшрах хам шинжийн эрсдэлийг бууруулж, ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэн, ажил дээрх өдөр тутмын мэдрэмжийг тань эерэг болгоход тустай” гэж тодотгож байв. 

    Хэдий тийм боловч бидний олонх нь тэр бүр ажлаасаа бүрэн хөндийрч чаддаггүй хэвээр байна. Тиймээс сэтгэл зүйч, цагийн менежментийн зөвлөхүүд, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцаж боловсруулсан “Үр дүнтэй амрах 5 арга"-ыг танд хүргэе.

    Амралтын өмнөх болон дараах өдөр хамгийн чухал: Амралтаа авах өдрийнхөө өмнөх өдөр болон амралтаас орж ирсэн эхний өдрийг хуанли дээрээ тэмдэглэж, өөр ямар ч ажил битгий төлөвлөөрэй. Ингэснээр амралтаа авахын өмнө шаардлагатай ажлуудаа дуусгахад тань туслах болно. Мөн амралтаас орж ирсэн эхний өдөртөө таны эзгүй хойгуур ирсэн цахим шуудан болон бусад ажлуудтай танилцаж, цэгцлэхэд хангалттай цаг гаргах үүднээс өөр шинэ ажил төлөвлөхгүй байх нь дээр юм.

    Хугацаагаа зөв сонго: Амралтаар явах хугацаагаа сонгохдоо нухацтай хандаарай. Чухал ажил, уулзалттай өдөр амралтаа тааруулах нь мэдээж ухаалаг хэрэг биш. Хэрвээ та байгууллагынхаа үйл ажиллагааны хэмнэлийг сайн мэддэг бол зай завсар авах хамгийн тохиромжтой мөчийг олж тогтоох хэрэгтэй.

    Гар утсаа цэвэрлэ:  Боломжтой бол ажилтайгаа холбоотой аппликейшнуудыг идэвхгүй болгоорой. Ингэснээр музей, далайн эрэг гэх мэт хувийн цаг хугацаагаа өнгөрөөх амралтын мөчүүдэд ажлынхаа и-мэйлийг шалгаж, стресст автахгүй байхад тань тустай. Хэрэв зайлшгүй амжуулах ажил байгаа бол компьютероо авч явах хэрэгтэй. Энэ нь таныг ажлаас болж гар утсандаа уягдахаас сэргийлэх юм.

    Яаралтай үед бэлэн бай: Нарийн төлөвлөгөө гаргаж, яаралтай хэрэг гарсан үед танд мэдэгдэх ажилтныг сонгож, тохиролцох хэрэгтэй. "Murphy’s Law Memo" буюу таны хариуцаж буй бүх төсөл, даалгавруудтай холбоотой шаардлагатай товч мэдээлэл бүхий тэмдэглэлийг ажил хүлээлцсэн хүндээ үлдээгээрэй. 

    Амралтаа зөв төлөвлөөрэй: Та далайн эрэг дээр наранд биеэ шарж, далайн давлагааны чимээг сонсоод хэвтэхийг хүсэж байна уу? Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, буйдан дээрээ тухлан суугаад зурагт ширтэхийг хүсэж байна уу? Өөрийнхөө хэрэгцээнд нийцсэн амралтыг төлөвлөж чадвал ажлаасаа хөндийрч, амралтаа бүрэн эдлээд зогсохгүй ажлаа эрч хүчтэй эхлүүлж чадна. “Амралтаар явахын гол утга учир юу вэ?” гэдгийг нухацтай эргэцүүлснээр амралтаа хамгийн үр ашигтай өнгөрүүлэхэд тань тусална гэж гэрлэлт, гэр бүлийн мэргэжилтэн Ким Билак зөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих