logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зээлдээ тааруулж төслөө хийх үү, төсөлдөө тохирсон санхүүжилт хайх уу? - Компаниудын гаргаж буй алдаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 01 10:45
    549

    Зургийг: mongolchamber.mn

    Монголд одоогоор стартапууд ч бай, 5-10 жил үйл ажиллагаа явуулсан бизнес ч бай санхүүжилтийн бүтээгдэхүүн авахын тулд бүгд ганц л институт буюу банкийг зорьдог

    АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр шинэ бизнесүүдийн 20 хувь нь үйл ажиллагааны эхний хоёр жилдээ, 45 хувь нь эхний таван жилдээ хаалгаа барьдаг аж. Тэгвэл бүдрэх магадлалтай эхний даваа болох санхүүжилтээ шийдэхдээ Монголын компаниуд голчлон ямар алдаанууд гаргадаг талаар Олон улсын санхүүгийн мэргэшсэн шинжээч (CFA) М.Мөнхтуяа “Medeenomics” подкастад ярьснаас онцлох өнцгүүдийг хүргэж байна.

    Бизнесийн загварт тохирсон санхүүжилт: Дотоодын зах зээлд банкны зээлийн санхүүжилт давамгайлсан хэвээр байгаа энэ үед компаниуд зээлийн шалгуур гэх мэт санхүүжилтийн бүтээгдэхүүний нөхцөлийг эхэлж хараад бизнесээ томруулах боломжоо тодорхойлдог нь алдаа болдог. Угтаа бизнес, төслийн боломжоо эхлээд тодорхойлж, дараа нь түүндээ тохирох санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хайх ёстой.

    Мөн санхүүжилтийн бүтээгдэхүүн болон тухайн санхүүжилтээр шийдвэрлэж буй төсөл, бизнесийн өгөөжөө өгөх хугацааг зөв тодорхойлох хэрэгтэй. Зарим компаниуд үйлдвэрлэл гэх мэт урт хугацаанд өгөөжөө өгөх төслүүдээ богино хугацаатай бүтээгдэхүүнээр санхүүжүүлэх тохиолдол цөөнгүй.

    Хүүгийн зардал: Зээлийн санхүүжилт бол өрийн дарамт биш хөшүүрэг болох ёстой гэдэг. Компаниуд зээл олдсон л бол хүүгийн түвшинтэй холбоотой цаашдын асуудлуудыг мартаж, зөвхөн төлөлт хийхдээ анхаардаг. Гэтэл тэр хугацаанд зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт буюу "restructure" хийж, хүүгийн зардлаа бууруулах боломж бий. Өөрөөр хэлбэл нэг удаа санхүүжилт аваад орхих бус түүнийгээ тогтмол нягталж, хянаж явах ёстой.

    Бонд уу, IPO юу: Хувьцааны бүтээгдэхүүн бус бондын зах зээлд эхлээд хөл тавих хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчид хадгаламж гэх мэт тогтмол өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулаад сурчихсан учраас ханшийн огцом уналт зэрэг хөдөлгөөнүүдэд бэлэн биш байгаа нь ажиглагддаг.

    Товчхондоо компаниуд IPO хийхээр төлөвлөж байгаа бол өмнө нь заавал бонд гаргаж, хөрөнгө оруулагчдын өнцгөөс тухайн компанийг хэрхэн харж, үнэлж байгааг “тестлэх” нь зүйтэй. Үүсгэн байгуулагчид, анхны хөрөнгө оруулагчдын хувьд компаниа хэт өндрөөр үнэлэх хандлага их ажиглагддаг.

    unnamed (5).jpg

    “Амьдралын мөчлөг”-өө тодорхойлох нь: Монголд одоогоор стартапууд ч бай, 5-10 жил үйл ажиллагаа явуулсан бизнес ч бай санхүүжилтийн бүтээгдэхүүн авахын тулд бүгд ганц л институт буюу банкийг зорьдог. Зөв арга зам гэвэл эн тэргүүнд компани нь ямар үе шатанд, “амьдралын мөчлөг”-т явж байгааг тодорхойлоод шийдвэрээ гаргах хэрэгтэйг М.Мөнхтуяа зөвлөж байлаа.

    Олон улсын практикаас харвал сөрөг мөнгөн урсгалтай, эрсдэл өндөртэй учраас стартапуудыг банкны бүтээгдэхүүнээр санхүүжүүлэх боломжгүй гэж хэлж болно. Хэрэв бизнес нь стартапын түвшинд яваа бол банк, хөрөнгийн зах бус хаалттай хувьцааны санхүүжилтийг эхлээд сонирхох хэрэгтэй аж.

    Ханшийн эрсдэл: Монгол шиг тогтворгүй нөхцөл байдалтай эдийн засагт ам.долларын бүтээгдэхүүнээр санхүүжилт босгох нь маш эрсдэлтэй алхам. Бага хүүтэй учраас доллароор санхүүжүүлэхийг илүүд үзэх тохиолдол ажиглагддаг. Санхүүжилтийн бүтээгдэхүүний хугацааны туршид валютын ханш хэрхэн хөдлөх вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Ханшид нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол хүлээлт байдаг. Ерөнхийдөө орлого нь төгрөгөөр орж ирдэг бол төгрөгт суурилсан санхүүжилтийн бүтээгдэхүүн ашиглах нь зүйтэй.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих