logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Японы хөрөнгийн зах зээлээс $1.1 их наядыг арчсан уналт арилжааны олон рекордыг шинэчилжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 07 16:45
    1656

    Зургийг: Kazuhiro Nogi/AFP/Getty Images

    Даваа гарагийн бужигнаанаас үүдэн Токиогийн Хөрөнгийн биржийн арилжааг зориуд 10 удаа зогсоожээ

    Японы хувьцаануудын гурван өдөр үргэлжилсэн уналт дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгож, арилжааны тогтмол ойлголтыг бараг өөрчлөх шахсан хүчтэй нөлөө үзүүлжээ. Энэхүү хөдөлгөөний цар хүрээ хэр том байсныг илтгэх зарим тоо баримтаас дурдъя. 

    1987 оны "Хар даваа гараг"-аас хойших хамгийн өндөр хувьтай уналт

    • Даваа гарагт “Topix”, “Nikkei” индекс тус тус 12 хувиар буурсан нь 1987 оны "Хар даваа гараг"-ийн уналтаас хойших хамгийн огцом уналт болов.
    • Гурав хоногийн хугацаанд дээрх индексүүдийн нийт бууралт 20 хувиар хэмжигдсэн нь "Bloomberg" анх “Topix” индексийг 1959 оноос, “Nikkei” индексийг 1970 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр хувьтай бууралт болжээ.
    • Мягмар гарагт индексүүд сэргэж, 10 орчим хувиар өссөн нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн огцом өсөлт боллоо. Дэлхийн санхүүгийн хямрал гүнзгийрч байсан тухайн үед Японы Засгийн газар олон улсын банкнуудад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргаж, улмаар хувьцаанууд цойлж байсан юм.

    Зах зээлийн үнэлгээнээс 1.1 их наяд ам.доллар арчигдав

    • Долоодугаар сарын 31-нээс хойших хугацаанд Япон улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурав хоногийн дотор 1.1 их наяд орчим ам.доллароор агшиж, одоогийн валютын ханшаар 5.6 их наяд ам.доллар болоод байна. Энэ нь Шведийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй тэнцэх дүн юм. 

    Өдрийн арилжааны хэмжээ дээд цэгтээ

    • Даваа гарагт Токиогийн Хөрөнгийн биржээр арилжаалагдсан хувьцааны мөнгөн дүн түүхэн дээд түвшинд буюу 55 тэрбум ам.доллар хүрэв. 

    Урьд байгаагүй савлагаа үүсэв

    • Японы хувьцааны “айдсын хэмжүүр” гэгддэг “Nikkei Stock Average Volatility” индекс даваа гарагт бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ. 

    Арилжаа зогсоох нь хэвийн үзэгдэл болов

    • Даваа гарагийн бужигнаанаас үүдэн биржийн арилжааг зориуд 10 удаа зогсоожээ. Энэ нь зах зээл хэт савлагаатай үед хөрөнгө оруулагчдыг “тайвшруулах алхам” байсныг “Japan Exchange Group” мэдээлэв. Энэ нь 2016 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн олон удаа арилжаа зогссон үзүүлэлт болсон нь статистикаас харагдаж байна. 

    Асар олон хувьцааны ханш ёроолдоо хүрэв

    • “Тopix”-ийн өсөлт, бууралтын шугам баасан гарагт 2020 оны гуравдугаар сар буюу цар тахлын үеийн уналтаас хойших доод түвшиндээ хүрэв. Энэ нь биржийн өдөр тутмын арилжаагаар өсөлттэй үнэт цааснуудын тооноос бууралттай үнэт цааснуудын тоог хасан гаргадаг алдартай хэмжүүр юм. 
    • Бүртгэлтэй 2000 гаруй хувьцааны ердөө 20 нь даваа гарагийн арилжааг өсөлттэй хаажээ.
    Cэтгэгдэл бичих