
Зургийг: С.Батсайхан
Хонгконг болон Торонтогийн “Venture” Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2023 оны есдүгээр сараар эцэслэгдсэн улиралд 46.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Өмнөх оны мөн үед тус компани 3.5 сая ам.долларын ашигтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь 13 дахин буюу 1229 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Оны эхний есөн сард “SouthGobi Resources”-ийн борлуулалт эрчимтэй сэргэснээс гадна борлуулж буй бүтээгдэхүүний дундаж үнэ сайжирсан зэрэг нь ашигт ажиллагаанд нөлөөлсөн байна. Тухайлбал: 2022 оны III улиралд тус компанийн борлуулах нүүрсний үнэ тонн нь 65.4 ам.доллар байснаас 85.6 ам.доллар болж өсжээ. Үүнд БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал дээрдсэн нь нөлөөлсөн байна. Мөн “SouthGobi Resources” компанийн хувьд борлуулалтын сүлжээ, зорилтот худалдан авагчаа төрөлжүүлсэн зэрэг нь сайнаар нөлөөлжээ.
Тус компани оны эхний есөн сард 2.6 сая тонн бүтээгдэхүүн борлуулсан байна. Харин БНХАУ-ын хил хаалттай байсан буюу өмнөх оны мөн үед 0.6 сая тонн нүүрс борлуулж байсан аж. “SouthGobi Resources”-ийн хувьцааны ханш 2022 оны долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрээд эргэн бага зэрэг тогтворжсон үзүүлэлттэй байна.
Энэ оны 11 дүгээр сараас хойших 15 хоногийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 86 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.