
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэлээн онцгойд тооцогдох сэргэлтийг БНХАУ-ын хувьцааны зах зээл толилуулж, ес дэх өдрөө дараалан өслөө. Сүүлийн хэдэн жил дэлхийд уналтаараа тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байсан тус зах зээл рүү хөрөнгө оруулагчид ийнхүү дахин хошуурч эхэлсэн нь Засгийн газрын дэмжлэгийн арга хэмжээтэй холбоотой байна.
“Ногоон” өдрүүд
БНХАУ-ын жишиг индекс “CSI 300” даваа гарагт 8.5 хувиар өсөж хаагдсан нь 2008 оноос хойших хамгийн өндөр дүнтэй өсөлт болсон байна. Мөн хөрөнгө оруулагчид долоо хоног үргэлжлэх “Алтан долоо хоног”-ийн амралтаас урьтаж арилжаа хийхээр тус зах зээлд яарсан нь арилжааны захиалга биелэлт түүхэн дээд хэмжээндээ хүрэхэд түлхэц болжээ. Эрэлт асар өндөр байснаас брокерын аппликэйшнүүд гацаж, үнэт цаасны данс нээлгэх хүсэлт огцом нэмэгдсэнийг дотоодын хэвлэлүүд мэдээлсэн байна.
2021 оноос энэ оны есдүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд үнэлгээнийхээ 45 гаруй хувийг алдаад байсан “CSI 300” индекс түүнээс хойш 20 хувиар өссөнөөр техникийн хувьд "Бух" зах зээл рүү орж байна. Индексийн өнгөрсөн долоо хоногийн өсөлт нь сүүлийн 16 жилийн хамгийн өндөр дүнтэй нь байжээ.
Уналтад орсон үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ сэргээх бодлогын хүрээнд БНХАУ-ын томоохон хотууд орон сууц худалдан авалтын журмыг зөөллөх шийдвэр гаргаж, мөн тус улсын Төв банк ипотекийн зээлийн хүүг бууруулахаар болсон нь хувьцааны зах зээлийн сүүлийн эрс өсөлтийн шалтгаан болж байна. Үүнээс өмнө БНХАУ-ын Засгийн газраас бодлогын хүүгийн бууралт, банкнуудад нийлүүлэх мөнгө, хувьцааны хөрвөх чадварын дэмжлэг зэргийг багтаасан цогц идэвхжүүлэлтийн арга хэмжээг зарлаад байсан юм.
Урт настай сэргэлт мөн үү?
Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа “молиго үмхсэн” хөрөнгө оруулагчдын дунд энэ удаагийн өсөлтийн эрч тогтвортой байна гэсэн мөрий давамгайлж буй шинжтэй. Даваа гарагт Шанхай болон Шэньжэний Хөрөнгийн биржид арилжааны захиалгын дүн аль аль нь 2.6 их наяд юань (371 тэрбум ам.доллар) буюу түүхэн дээд цэгтээ хүрсэн нь энэхүү бужигнаан үргэлжлэх дохио болжээ.
“Захиалга биелэлтийн эрчийг харвал энэ зах зээлд зарах хөдөлгөөн дэндүү их байсан нь тодорхой байна. Эрх баригчдын дэмжлэг зах зээлд орж ирсэн болохоор энэ удаагийн өсөлт өмнөхүүдээсээ ялгаатай гэсэн итгэл нэмэгдсэн нь илт” хэмээн “Saxo Markets”-ийн стратегич Чару Чанана онцолжээ.
Одоогоор FOMO буюу хоцрохоос айх айдас хөрөнгө оруулагчдын дунд газар авсан нь голлох үзүүлэлтүүдээс харагдаж байна. Зах зээлийн төлөв байдлын барометр болдог ҮЦК, брокерын фирмүүдийн хувьцааны өсөлт даваа гарагийн арилжаагаар хоёр оронтой тоонд хүрсэн нь элбэг байв. Мөн Шанхайн биржийн SSE индексийн авах, зарах хөдөлгөөний эрчийг хэмждэг “Айдас, шуналын индекс” даваа гарагт 2015 оноос хойших дээд түвшинд хүрч өсжээ.