logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хиймэл оюуны том тоглогчид Марк Закербергээс юу суралцаж болох вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 27 16:50
    3370

    Зургийг: Bloomberg

    “Meta”-ийн удирдагч хиймэл оюунаас үүдэх өөрчлөлт шинэчлэлтийг бизнестээ хэрхэн нэвтрүүлж буйг “Google”, “Microsoft” компаниуд суралцах хэрэгтэйг “Bloomberg Opinion” онцолж байна

    Марк Закерберг урьд нь нэг бус удаа бусдын санааг хуулбарласан гэгдэж байсан ч генератив хиймэл оюуны энэхүү давлагаанд компаниа ухаалгаар залуурдаж буй нэгэн.

    Он гарсаар “Meta Platforms”-ийн хувьцааны ханш 54 хувиар өсөж, технологийн бусад аварга компаниудаасаа хол тасархай түрүүлэв. Харин “Alphabet”-ийн “Google” болон “Microsoft” компаниудын хувьцааны ханш 18.5 ба 12 хувиар тус тус өсжээ.

    Учир нь юунд байна вэ? Хиймэл оюуны моделиуд үүлэн технологийн компаниудад богино хугацаанд эдийн засгийн үр өгөөж авчирна гэдэгт хөрөнгө оруулагчид эргэлзэх болж, “Microsoft”, “Google”, “Amazon” зэрэг компаниудад сүжиглэхээ багасгажээ.

    Харин Марк Закербергийн компани арай өөр. Хиймэл оюуныг эдийн засгийн ашигтай хэрэгсэл гэж зүгээр л сурталчлахын оронд “Meta”-ийн зар сурталчилгааны системийг хиймэл оюун ашиглан хэрхэн илүү үр дүнтэй, бодит ашигтай болгосноо батлан харуулсан юм. Тайлангаа танилцуулахдаа Марк Закерберг ийнхүү тодорхой үр дүн тайлагнасныг шинжээчид сайшааж, улмаар компанийн хувьцааны ханшийн өсөлт ч улам эрчимжжээ.

    Марк Закерберг мэдээж хэрэг “Amazon”, “Microsoft”, “Google” компаниудаас өөр арга барилтай. Тэрбээр дээрх компаниуд шиг хиймэл оюунт хэрэгслийг зах зээлд давамгайлж буй үүлэн технологийн үйлчилгээний нэгээхэн хэсэг гэж сурталчлан борлуулаагүй. Тэглээ гээд үүлэн технологи, дата менежментийн томчууд түүний арга барилаас суралцаж болохгүй гэсэн зүйл байхгүй. 

    Хиймэл оюунд эргэлзэгсдэд нөлөөлөх болсон нэг томоохон хүчин зүйл нь түүний хэрэглээ юм. “OpenAI”, “Anthropic”, “Google”-ийн сүүл үеийн хиймэл оюуны моделиуд хүн шиг зохиол гаргаж, код бичиж, фото зураг шиг дүрслэлүүд бий болгож чадах ч үүнийгээ бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх шийдлийг олоход санаснаас ч удаан хугацаа орж байгаа аж. 

    Генератив хиймэл оюуны моделиор тэргүүлэгч “Anthropic” компани хамгийн өргөн хэрэглэгдэж буй гурван технологи нь чатбот, текстийн агуулгыг товчлох, код бичүүлэх гэдгийг дурдаж байлаа. Гэвч хиймэл оюуны үйлчилгээ үзүүлж буй “Anthropic”-аас гадна бусад компаниуд ч өөрсдийнх нь технологи хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтад эргээд ямар үр өгөөж авчрах талаар хөдөлшгүй жишээ хэлж чадаагүй байна. 

    Харин Марк Закерберг чадсан. Ялангуяа  “Меta”-ийн сүүлд танилцуулсан улирлын тайлангийн үеэр. “Нээлттэй компанийн Гүйцэтгэх захирлын хувиар хийсэн түүний танилцуулсан сайн тайлан болсон. Тэрбээр хиймэл оюуны ойрын ба урт хугацааны үр ашиг, хэдийд ямар орлого олохоо цаг хугацаатай нь тайлбарласан. Итгэл төрүүлэхүйц танилцуулсан” хэмээн “Deepwater Asset Management”-ийн менежментийн түнш Жин Манстер онцолж байлаа. 

    “Меta”-ийн сүүлийн тайлангаас үзвэл тус компанийн хиймэл оюуны хэрэгсэл болон эх хэлний моделийн технологи нь “Instagram” дээр, тэр дундаа “Reels” хэсгийн хувь хэрэглэгчид чиглэсэн контентын тохируулгыг улам сайжруулжээ. Ингэснээр тус платформын өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо зургаан хувиар өссөн нь сүүлийн найман улирлын хамгийн өндөр дүнтэй өсөлт болсон аж.  Харин “Reels” болон бусад видеоны хувьд нэг өдрийн үзэлтийн хугацаа нь 25 хувиар өссөн байна. Богино видео буюу “Reel”-үүд 2024 онд тус компанид 10 тэрбум ам.долларын орлого оруулах төсөөлөлтэй байгаа нь гурван улирлын өмнөхтэй харьцуулахад гурав дахин өндөр дүн юм.

    “Meta”-ийн контент санал болгох алгоритм хиймэл оюуны ачаар улам боловсронгуй болгож байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Компанийн хиймэл оюуны технологи мөн хэрэглэгчдийн “Instagram” ашиглах хугацааг 24 хувиар уртасгаж, зар сурталчилгааг зорилтот хэрэглэгчдэдээ илүү үр дүнтэй хүргэхэд тус болсныг Марк Закерберг онцолжээ. 

    Энэ бүхэн нь Марк Закербергт илүү өндөр үнэтэй хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, тэр дундаа “GenAI”-д зарцуулалтаа нэмэгдүүлэх боломж олгож байгааг “JPMorgan Chase”-ийн шинжээч Даг Анмут өгүүлжээ.

    Хиймэл оюуны зарцуулалт нь технологийн аварга компаниудын хувьд эмзэг сэдэв болоод байгаа юм. 2024 оны зургаадугаар сараар дуусгавар болсон улиралд “Apple”, “Microsoft”, “Alphabet”, “Amazon”, “Meta” компаниуд нийлээд 55 тэрбум ам.долларыг хиймэл оюунд зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 55 хувиар өссөн үзүүлэлт болсныг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна. 

    Хиймэл оюунд яагаад үргэлжлүүлэн зарцуулах хэрэгтэй талаарх “Google”-ийн тайлбар хэт ерөнхий, бүрхэг байв. “Хэт бага хөрөнгө оруулахын эрсдэл нь хэт их хөрөнгө оруулах эрсдэлээс хамаагүй их” хэмээн “Alphabet”-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай хэлж байлаа. 

    Тэрбээр сүүлд танилцуулсан II улирлын тайландаа хайлтын систем болон “YouTube”-ээс олсон орлого нь өмнөх оны мөн үеэс 14  хувиар болон 13 хувиар төссөнийг онцолжээ. Хэдий тийм боловч энэхүү өсөлт нь санхүүгийн үзүүлэлтээ сайжруулахад хиймэл оюуныг ашигласан, тэр дундаа контент санал болгох тохируулга, зорилтот зар сурталчилгааг илүү оновчилсонтой холбоотой болохыг Сундар Пичай шууд холбон тайлбарлаагүй. Түүний хувьд “Google” өөрийн бүтээгдэхүүнээ хэрхэн ашиглаж байгаа, мөн хиймэл оюун компанийн санхүүгийн үзүүлэлтийг хэрхэн сайжруулах боломжтой зэрэг бизнестэйгээ холбосон илүү нарийн жишээнүүдийг дурдах ёстой байсан юм. 

    Харин Марк Закерберг “Metaverse”-т тавьсан маш том мөрийнөөсөө сургамж авч, энэ бүхнийг сурсан гэж болно. “Meta”-ийн "Reality Labs" хэлтэс 2023 онд 16 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь үр дүнгээ өгөх болоогүй бизнес гэдгийг илтгэх дохио болж байв. Иймд тэрбээр генератив хиймэл оюунд тавьсан шинэ мөрийндөө санхүүгийн дэмжлэг авахын тулд хиймэл оюун өөрийнх нь бизнест хэрхэн ашиг тусаа өгч байгааг харуулах хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Одоогоор Марк Закерберг энэ чиглэлд бусад захирлуудаас хамаагүй сайн ажиллаж байна.

     

    Нийтлэлийг: Парми Ольсон

    Cэтгэгдэл бичих