Зургийг: С.Батсайхан
Нүүрсний экспортын өсөлт эрчимжсэнээр эхний таван сарын гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин нийт бараа эргэлт 10.7 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар өссөн байна.
Монгол Улс оны эхний таван сарын байдлаар нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өсжээ.
Харин үнийн дүнгийн хувьд 3.8 тэрбум ам.долларын чулуун нүүрс экспортолсон нь экспортын нийт үнийн дүнгийн 60 хувийг бүрдүүлж байна. Хэдий тийм боловч 2023 оны эхний таван сарын үнийн дүнтэй харьцуулахад ялимгүй буюу 180 орчим сая ам.доллароор өссөн нь нүүрсний үнийн уналттай голлон холбоотой байна. Тодруулбал: өмнөх оны эхний таван сард 23.1 сая тонн нүүрсийг 3.6 тэрбум ам.доллароор экспортолж байсан юм.
2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд энэ жил 78 сая тонн, ирэх жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байна.
Нүүрсний экспортын биет хэмжээний хувьд ийнхүү эерэг төлөвтэй байгаа ч үүнд тулгуурлан экспортын орлогын төсөөллөө нэмэгдүүлэх нь учир дутагдалтайг эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Төлбөрийн тэнцлийн үзүүлэлт тооцоход биет хэмжээ бус мөнгөн дүнгээр л бүртгэгдэх болохыг Эдийн засагч Н.Энхбаяр онцолж байв.
Экспортын бусад түүхий эдүүдийг харвал тайлант хугацаанд 2.9 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь 2023 оны мөн үеэс 32.2 хувиар өссөн дүн болсныг онцолж болохоор байна.