
Зургийг: kincoracopper.com
Зэс, алтны хайгуулын “Kincora Copper” компани гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн улиралд 355 мянган канад доллар буюу 260 мянга гаруй ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ тайлагналаа.
Тус компани өмнөх улиралд нь 368 мянган канад доллар, өнгөрсөн оны мөн үед 372 мянган канад долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад алдагдлын хэмжээ нь үл ялиг буурсан байна.
Харин 2023 онд “Kincora Copper” 1.4 сая канад долларын цэвэр алдагдалтай ажилласнаа өмнө нь тайлагнаж байсан юм.
Тус компани 2023 онд стратегийн томоохон шилжилт хийж, Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж дахь төслүүддээ гол анхаарлаа төвлөрүүлж эхэлснээ тайландаа онцолжээ. Өнгөрсөн оны эцсээр Австрали дахь бүх төслүүдээ 100 хувь эзэмших болсны зэрэгцээ хоёр сая австрали долларын санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн байгаа аж.
Харин Монгол дахь хөрөнгүүддээ хөндлөнгийн стратегийн үнэлгээ хийлгэж, худалдах үйл явцыг үргэлжлүүлж байгаагаа тодотгож байна.
“Kincora Copper” өнгөрсөн хоёрдугаар сард Австралийн Вонгарбон төслийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд өрөмдлөгөө ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.