
Зургийг: mak.mn
Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Цагаан суваргын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг Төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд тусгасан байна. Тогтоол батлагдвал 2014 онд батлагдсан Төрийн хувь эзэмшил 0 байх тухай УИХ-ын тогтоол хүчингүй болох юм байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан юм.
Засгийн газрын хуралдааны шийдвэртэй холбоотой асуудлаар тус компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдээллээ.
Олон нийтэд ил болгосон 2014 оны УИХ-ын тогтоолын төслийн Засгийн газраас өргөн барьсан анхны төслийн материалаас харахад Цагаан суваргын ордыг 2007 онд стратегийн ач холбогдолтой ордод хамааруулсан бөгөөд 1965-1967, 1980-1982 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ.
Монголын алт (МАК) ХХК нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө баталгаажуулсан байдаг. 2014 он хүртэлх хугацаанд МАК ХХК тус ордод 323.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Ийнхүү 2014 онд тус ордоос Төр 34 хувийг эзэмших тохиолдолд 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо гарч байжээ. Үүний дараа УИХ-ын тогтоол батлагдахдаа Төр хувь эзэмшихгүй байхаар өөрчлөгдсөн аж.
“Монголын Алт” ХХК нь 1999 оны 12 дугаар сард олон нийтэд нээлттэй болсон мэдээлэлд үндэслэн Цагаан суваргын ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, хууль ёсны зохих шаардлагуудыг хангаснаар тус ордын хайгуулын лицензийг авсан гэж өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Дорноговь аймгийн Мандах суманд орших Цагаан суваргын ордын хувьд 1.6 сая тонн зэс, 66 мянган тонн молибдений нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэсэн байдаг. Энэ нөөцийг тогтоохдоо 2001-2008 онд нийт 8.3 тэрбум төгрөгийн өртөгтэй нарийвчилсан хайгуулын ажлыг МАК ХХК өөрийн хөрөнгөөр хийж, 2007 онд Канадын "CIM 43-101" стандартын дагуу баялаг нөөцийг тооцоолж, 2008 онд Австралийн JORC стандартаар баталгаажуулжээ.
Тус компанийн мэдээлэлд дурдсанаар Цагаан суваргын хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр болон катодын зэсийн төслийн хүрээнд 1300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5000-7500 ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.доллар буюу Монгол Улсад нийт дөрвөн тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого төвлөрүүлэх боломжтой төсөл гэж үзэж байна. Төр хөрөнгө оруулалт хийлгүйгээр Цагаан суварга төслийн үр ашгийн 57-60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой гэж компани цахим хуудастаа мэдээлжээ.