
Зургийг: technologymagazine.com
Хиймэл оюуны тэсрэлт энэ цагийн “алтны халуурал”-аас өөрцгүй болж, алт олборлох хүрз жоотууг нь үйлдвэрлэдэг технологийн аварга компаниудын ашиг орлого дээд түвшнээ шинэчилсээр байна. Хэдий тийм боловч тэдгээр компани хүн бүрийн сонирхлыг татаж чадаж буй ч итгэлийг олох эсэх нь эргэлзээтэй.
Нүдээ аниад "Гайхамшигт 7"-г ав
Бодит үнэлгээнээсээ өндрөөр үнэлэгдсэн компаниудыг олж “short” арилжаа хийдгээрээ алдартай хөрөнгө оруулагч Карсон Блок АНУ-ын технологийн топ компаниудын хувьцааг авах нь энэ цагт энгийн мөртөө хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр болохыг онцолжээ.
“Muddy Waters Capital” компанийн Үүсгэн байгуулагч тэрбээр дээрх компаниудын хөрөнгийн тогтвортой орох урсгал зах зээлийн өсөлтийг улам өдөөх чиг хандлагыг бататгаж, “Хэт их бодохгүй байх нь үр ашигтай. Магадгүй зүгээр л нүдээ аниад “Гайхамшигт 7”-ийн хувьцааг авсан нь зөв” хэмээн “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа тодотгосон байна.
“Гайхамшигт 7”-д АНУ-ын технологийн салбарт үнэлгээгээрээ тэргүүлэгч “Tesla”, “Apple”, “Microsoft”, “Alphabet”, “Amazon”, “Nvidia” болон “Meta” компани багтдаг. “Активист “short” арилжаалагчийн карьераа би сүүлийн хэдэн жилд эргэн цэгнэж, тооцоолол хийж үзсэн. Тэгээд “S&P 500 Index”-д зүгээр л урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол магадгүй илүү дээр байж дээ гэсэн мэдрэмж төрсөн” хэмээн хөрөнгө оруулагч Карсон Блок харууссан байна.
АНУ-ын жишиг “S&P 500 Index” энэ он гарсаар 47 удаа дээд цэгээ шинэчлэн тогтоож, сүүлийн байдлаар зургаан долоо хоног дараалан өсөлтөө хадгаллаа. “Гайхамшигт 7” шиг нэг салбарын компаниуд тус индексийн сагсанд ийм өндөр хувиар давамгайлж байсан үе түүхэнд байхгүй аж. Цахилгаан автомашинд төвлөрдөг “Tesla”-ийг эс тооцвол бусад зургаан компанийн зах зээлийн нийт үнэлгээ өдгөө 15.4 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.
Итгэл алдсан он жилүүд
Хиймэл оюуны тэсрэлт эхэлсэн ердөө жил хагасын хугацаанд “Big Tech” гэгддэг энэхүү зургаан компани үлэмж хэмжээний үр ашиг хүртээд байна. 2022 оны 11 дүгээр сард “ChatGPT” танилцуулагдсанаас хойш хөрөнгө оруулагчид тэдний нийт үнэлгээг дуу алдам 8.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлжээ. Тухайлбал: хиймэл оюуны чип хөгжүүлдэг “Nvidia” өнгөрсөн зургаадугаар сард зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том компани болж байв. Мөн “Microsoft” хиймэл оюуны өсөлтийг хөлөглөж, II улиралд орлогоо 18 хувиар нэмэгдүүлэн, 62 тэрбум ам.доллар хүргэсэн юм.
Хэдий тийм боловч хиймэл оюун технологийн компаниудад үр өгөөжөө ийн хүртээсэн шигээ хүн төрөлхтөнд мөн хүртээх эсэх нь эргэлзээтэй, урьдын үйл явдлуудаас харвал эргэлзэх нь ч зөв болохыг “Bloomberg”-ийн нийтлэлч Парми Ольсон нийтлэлдээ онцолжээ.
“Facebook” олон сая хэрэглэгчийнхээ мэдээллийг улс төрийн зар сурталчилгааны зорилгоор ашиглуулж байлаа. “Apple” 650 гаруй сая “iPhone”-ийн ажиллагааны хурдыг зориуд удаашруулснаа хүлээж байлаа. БНХАУ-д улс төрийн цензур бүхий хайлтын систем бүтээх “Google”-ийн төлөвлөгөө ил болсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилготой хаягууд “Twitter” дээр худал мэдээлэл тарааж байв. Сүүлийн хэдэн жилд технологийн томчуудын орооцолдсон дуулиант явдлуудын зах зухаас дурдахад л ийм байна.
Цахиурын Хөндийн компаниудын хиймэл оюуны төлөвлөгөөг харвал тэд алдсан итгэлээ эргүүлэн олж авах найдлага төрүүлэхгүй байгааг тэрбээр дурджээ. Ялангуяа тэд өөрсдөдөө хяналт зохицуулалт тавьж ажиллана гэдэгт иргэд итгэхгүй байна. 2023 онд хийгдсэн судалгаанаас харвал АНУ-ын хэрэглэгчдийн 65 хувь нь хиймэл оюуны модель хөгжүүлдэг компаниуд бүтээгдэхүүнээ хариуцлагатай, ёс зүйтэйгээр үйлдвэрлэнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.