
Зургийг: Justin Metz/Bloomberg
Энэ онд “S&P 500 Index” 20 хувиар, “Nasdaq 100 Index” 46 хувиар өсөөд байна. Харин хиймэл оюуны томоохон компанийн “Nvidia”-ийн өсөлт 220 хувь байлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд 2024 он 2023 оноос дээр байж чадах болов уу?
Хариулт нь ТИЙМ
“Bloomberg Markets Live Puls”-ийн (MLIV) судалгаа энэ асуултад “Тийм” гэж хариулж байна. Хиймэл оюуны төрүүлж буй найдлагаас улбаалан “Microsoft”, “Amazon”, “Meta”-ийн хувьцааны ханш 56 хувь, 75 хувь, тэр ч байтугай 170 хувь цойлоод байна. Хэдий тийм боловч “MLIV”-ийн судалгаанд оролцогчид цөөн сөрөг талуудыг эс тооцвол ирэх оны өсөлт энэ оныхоос ч илүү байна гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцсон 595 жижиг болон мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 63 хувь нь 2024 онд хувийн хөрөнгө оруулалт нь илүү өндөр өгөөжтэй байна гэж үзжээ.
Энэхүү өөдрөг хүлээлт нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, хувьцаа болон бондын зах зээлийг “ногооруулна” гэсэн найдлагатай холбоотой аж.
ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ХӨДӨЛГӨӨН
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хиймэл оюун урт хугацаанд өндөр ашгийн эх үүсвэр байж, тураах эмээр цахиур хагалж буй “Novo Nordisk”, “Eli Lilly” зэрэг компаниуд болон цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгчдийн хувьцааны өсөлтийг давна гэж үзжээ. Тураах эмүүд хэдийгээр хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг эзэгнэх болсон ч оролцогчдын ердөө найман хувь нь энэ зах зээл “Ирээдүйтэй” гэж хариулсан байна.
Харин өөр нэг том тренд болох технологийн томчуудад чиглэсэн хүлээлт ерөнхийдөө хуваагдмал байна. 45 хувь нь 2024 онд технологийн томоохон компаниудад хөрөнгө оруулах нь “Зөв шийдвэр” гэсэн бол 39 хувь нь тэдний “Хувьцаа хэт өндрөөр үнэлэгдсэн тул буруу шийдвэр болно” гэжээ.
СОНГУУЛИЙН НӨЛӨӨ
Хөрөнгө оруулагчдын дийлэнх буюу 57 хувь нь ирэх онд хөрөнгө оруулалтын багцын хуваарилалтаа өөрчилнө гэсэн бол 31 хувь нь тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт руу мөнгөө чиглүүлэхээр байгаагаа илэрхийлжээ. Харин цалингийн урамшуулал, нэмэгдэл хэлбэрээр нэмэлт орлого орж ирвэл хувьцаа болон бонд худалдан авахад зарцуулна гэж 52 хувь нь хариулжээ.
Ирэх онд нийт 40 улс сонгуулиа хийхээр байна. Айсуй сонгуулиуд санхүүгийнх нь хувьд төдийлөн чухал үйл явдал биш гэж олон хөрөнгө оруулагч үзжээ. 11 дүгээр сард болох “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дорвитой нөлөө үзүүлэхгүй” гэж оролцогчдын 47 хувь нь таамагласан байна.
МОНГОЛЫН ХУВЬД
Бодлогын хүү өндөр байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй бонд гэх мэт хэрэгслийг илүүд үзэж буй нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл удаан хугацааг уналттай өнгөрүүлсний нэг шалтгаан болохыг шинжээчид хэлж буй. Харамсалтай нь төсвийн тэлэлт инфляцыг хөөргөдөх магадлалтай тул инфляц зорилтот түвшинд хүрэх хүртэл хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг Монголбанк анхааруулж байлаа.
“Өөрийн хөрөнгө нэмэгдээд, ашигтай ажиллаад байдаг мөртөө хувьцаа дээр үүний тусгал харагдахгүй байна. Бодлогын хүү буурахгүй бол хувьцааны зах зээл сэхэхгүй” хэмээн "ХасБанк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав ярилцлагадаа онцолж байв.