
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын дайнаас хамгийн хүчтэй цохилт “Wall Street”-д очиж, АНУ-ын хөрөнгийн захын үнэлгээнээс 2.5 их наяд ам.доллар арчигдлаа.
Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү хошуурснаар пүрэв гарагийн арилжаагаар “S&P 500 Index” 4.9 хувиар, “Nasdaq 100 Index” 5.5 хувиар унасан нь аль алиных нь хувьд 2020 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болов. Тэр дундаа АНУ-ын өндөр тариф тогтоосон орнуудаас нийлүүлэлтийн өндөр хамааралтай “Apple” болон “Nike” компанийн хувьцааны ханш ес болон 14 хувиар унав.
Харин АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж дөрвөн хувь руу дөхсөн бол ам.долларын ханш огцом суларч, Дональд Трамп сонгуульд ялснаас хойших бүх өсөлтөө алдсан байна.
Зах зээл ийнхүү улаанаар эргэснээр дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө нэг өдрийн дотор 208 тэрбум ам.доллароор хорогдсон нь цар тахлаас хойш тохиогоогүй үзүүлэлт болохыг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Тэр дундаа “Meta”-ийн Марк Закербергийн хөрөнгө 17.9 тэрбум ам.доллароор, “Amazon”-ийн Жефф Безосынх 15.9 тэрбум ам.доллароор буурсан нь хамгийн өндөр дүн боллоо.
Jeran Wittenstein, Carmen Reinicke, Matthew Griffin