logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ХБҮЦ-ны арилжаа III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 35 орчим хувиар буураад байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 28 10:40
    204

    Зургийг: С.Батсайхан

    2023 он хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа татарсан жил байлаа

    Хөрөнгийн захад энэ оны отгон бүтээгдэхүүн болж буй "Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн "Бэрс-3" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхлээд байна. Тус компани нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэ бүхий 150 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, 15 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

    ОРОН ЗАЙ НЬ ХУМИГДАВ

    Өмнөх онтой харьцуулахад 2023 он хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа ч гаргаж буй компаниудын тоо ч татарсан жил байлаа. Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсанаар III улирлын байдлаар нийт 44.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 35 орчим хувиар буурсан дүн болжээ. Мөн 2022 оны III улиралд үнэт цаасны зах зээлийн нийт арилжаанд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эзлэх хувь 21.2 байсан бол энэ онд ердөө 6.8 хувь болсон байгаа юм.

    Өмнөх оны есдүгээр сараас хойш хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зохицуулалт, хяналт илүү нарийссан, мөн зардал, цаг хугацаа их зарцуулагддаг болсон нь компаниуд энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол буурахад нөлөөлсөн байх боломжтойг шинжээчид хэлж буй.

    unnamed.jpg

    Энэ онд гарсан онцлох хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснуудаас дурдвал жилийн 18.5 хувийн хүүтэй "Бичил 2", 19.2 хувийн хүүтэй "Бэрс-2", 19.6 хувийн хүүтэй “Омни Ассет” байна. Эдгээр үнэт цааснууд бүгд анхдагч зах зээлийн арилжааны эхний өдрөө, зарим нь бүр цаг ч хүрэхгүй хугацааны дотор захиалга нь дүүрч байв.

    Харин хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч компаниудыг харвал ашигт ажиллагаа нь харилцан адилгүй байна. Тухайлбал: энэ оны III улиралд “ЛэндМН Актив ТЗК” 80.2 сая төгрөгийн, “Омни Актив ТЗК” 360.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол “Симпл ассет ТЗК” 1.2 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал хүлээжээ.

    ХБҮЦ-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ

    Эрсдэл бага, тогтмол орлоготой хэрэгсэл болохоос гадна хөрөнгө оруулагчдад дунд хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломж олгодог, гуравдагч байгууллагаас тогтмол хяналт тавьж эрсдэлийн түвшнийг нь дүгнэдэг зэрэг давуу талууд хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснуудад бий. Хэдий тийм боловч дотоодын зах зээлд зээлжих зэрэглэл гэдэг ойлголт тогтоогүй учраас бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдаж авахад үнэт цаас гаргагч талын барьцаа, баталгаа, ерөнхий үзүүлэлтүүд хэр сайн байгааг харах хэрэгтэйг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-иас өмнө нь онцолж байлаа.

    unnamed (1).jpg

    Олон улсын хэмжээнд ирэх онд шинээр гарах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа 2008 оны санхүүгийн хямралаас хойших дээд түвшиндээ хүрэх бөгөөд үүнд автомашины зээл, дижитал дэд бүтэц зэрэг салбарууд түлхэц болохыг “Barclays” банк өнгөрсөн сард гаргасан төсөөлөлдөө дурджээ. Тодруулбал: энэ онд шинээр гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нийт арилжааны дүн 277 тэрбум ам.доллар байх төлөвтэй бол 2024 онд 280 тэрбум ам.доллар хүрнэ гэж үзсэн байна.

    Cэтгэгдэл бичих