
Зургийг: Kent Nishimura/Bloomberg
Тариф айсуй гэдгийг бүгд мэдэж байсан ч ингэж алмайруулна гэж төсөөлж байсан нь цөөхөн байх. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны бүх түнш орнуудынхаа импортын бараа, бүтээгдэхүүнд оноох гаалийн татварыг сүүлийн 100 жилд байгаагүй өндөр дүнгээр нэмэгдүүлэх шийдвэрээ зарласнаар дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж болзошгүй “Худалдааны дайн” хамгийн эгзэгтэй үе шат руу орлоо.
Харилцан тэнцүүлсэн тариф
АНУ-д бараа, бүтээгдэхүүн экспортолдог бүх орнуудад суурь 10 хувийн тариф, АНУ худалдааны алдагдал хүлээдэг орнуудад бүр ч өндөр дүнтэй тариф ногдуулах шийдвэрээ Дональд Трамп зарлав. “Харилцан тэнцүүлсэн” гэх тодотголтой энэхүү тарифыг дөрөвдүгээр сарын тавны өдрөөс, зарим улсад тусгайлан тогтоох илүү өндөр дүнтэй тарифыг дөрөвдүгээр сарын еснөөс хэрэгжүүлж эхлэхээ Цагаан ордон мэдээллээ. “Харилцан тэнцүүлсэн гэдэг нь тэд манайд хэдий чинээ тариф тогтооно, бид төдий чинээгээр хариу барина гэсэн үг. Маш энгийн” хэмээн Дональд Трамп онцлов.
Яах гэж?
Худалдааны түнш орнуудынх нь бодлого АНУ-д бүтээгдэхүүнээ экспортолдог компаниудад өрсөлдөөний давуу тал авчирч, АНУ дахь үйлдвэрлэлийг сулруулж байна гэж Дональд Трамп болон түүний зөвлөхүүд үзэж буй. Иймд АНУ-ын эдийн засгийг “тарифын хана”-тай болгосноор гадаадын үйлдвэрлэгчид болон гадаадад үйл ажиллагаа явуулдаг америк компаниуд АНУ-д үйлдвэрээ шилжүүлж, тэндээс ажиллах хүчээ бүрдүүлдэг болно гэж тооцоолжээ.
Хэрхэн тооцов?
АНУ-ын Засгийн газар шинэ тарифыг тооцохдоо тухайн улсын АНУ-тай хийдэг худалдааны тэнцлийн ашгийг нийт экспортын дүнд нь хувааж, дараа нь түүнийгээ хоёрт хуваах байдлаар хувь хэмжээ гаргажээ. Үүн дээр нэмүү өртгийн татвар, төрийн татаас, валютын ханшийн интервенц зэрэг “тарифын бус саад”-ыг мөн нэмж тооцсоноо мэдээлсэн. Харин Монгол мэтийн АНУ-тай алдагдалтай худалдаа хийдэг орнуудын хувьд нэгдсэн байдлаар 10 хувийн тариф ногдуулсан байна.
Хэдий тийм боловч АНУ-ын өндөр тарифтай бараа, бүтээгдэхүүний жагсаалтад хэдийн багтсан ган, хөнгөн цагаан, автомашины импортод энэхүү “харилцан тэнцүүлсэн” тариф хамаарахгүй аж.
Хамгийн өндөр тарифыг хэн хүртэв?
Оны эхээр 20 хувийн тариф ногдуулаад байсан БНХАУ-д дээрх тооцооллоор нэмж 34 хувийн тариф тогтоосноор нийт хувь хэмжээ нь 54 хувь болж байна. Харин Дональд Трампын засаг захиргаатай сайн харилцаатай байсан Вьетнамд 46 хувь, Энэтхэгт 26 хувь тогтоосон бол салшгүй холбоотон Израилдаа 17 хувийг гардуулав. Харин Европын Холбоонд нийтэд нь 20 хувийн тариф ногдуулсан бол Их Британид 10 хувиар тооцжээ.
Ерөнхийдөө үйлдвэрлэл, экспортоос өндөр хамааралтай Азийн орнуудад тарифын хамгийн хүчтэй цохилт очиж байна. Тодруулбал: Тайваньд 32 хувь, БНСУ-д 25 хувь, Японд 24 хувь тус тус ногдуулжээ.
Энэ холбоосоор жагсаалттай бүтнээр нь танилцаарай.
Хэлэлцээ хийх орон зай бий юу?
Дональд Трамп эхлээд “шок” өгч, дараа нь хэлэлцээ хийдгийг өмнөх үйл явдлууд харуулж буй. Эхний бүрэн эрхийнх нь хугацаанд дотоодын компаниуд нь лобби хийснээр зарим орнууд АНУ-ын тарифаас чөлөөлөгдөж байлаа. Энэ удаа ч тарифын асуудлаар худалдааны түншүүдтэйгээ дахин хэлэлцээ хийсний дүнд хувь хэмжээ өөрчлөгдөх магадлалтай гэсэн дохиог Цагаан ордон өгсөн байна.
Өсөлтөд яаж нөлөөлөх вэ?
АНУ-ын үйлдвэрлэгчид импортын тарифаас шалтгаалж өссөн зардлаа мэдээж хэрэглэгчийн халааснаас авч нөхөх магадлалтай тул “стагфляц” буюу эдийн засгийн өсөлт удаашрахтай зэрэгцэн инфляц өсөх эрсдэл эн тэргүүнд яригдана. Харин АНУ-ын эдийн засаг агшина гэсэн хүлээлт харьцангуй бага байна. Гуравдугаар сард эдийн засагчдын дунд “Bloomberg”-ийн явуулсан судалгаагаар ирэх онд эдийн засгийн уналт тохиох магадлал 30 хувь байжээ.
Харин тарифын гол бай болсон БНХАУ-ын хувьд энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2.4 нэгж хувиар доошилно гэсэн тооцооллыг “Citigroup” гаргажээ. Харин “UBS” банк АНУ-ын тариф БНХАУ-ын эдийн засгийн жилийн өсөлтийг даруй хоёр дахин бууруулна гэсэн тооцооллоо өнгөрсөн онд танилцуулж байсан юм.
Улс орнуудын хариу үйлдэл юу байв?
Хамгийн том худалдааны түнш нь болох Европын Холбоо урьдаас илэрхийлж байсан “үзэлцвэл үзэлцэнэ” гэдэг байр сууриа өчигдөр бататгаж, тохирсон хариу тариф тогтоохоо зарласан. БНХАУ-ын Худалдааны яамнаас шинэ тарифаа нэн даруй цуцлахыг Вашингтонд уриалж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд аюул учруулахыг анхааруулсны сацуу мөн хариу арга хэмжээгээр сүрдүүлэв. Дональд Трампын мэдэгдлээс өмнөхөн БНХАУ-ын эрх баригчид дотоодын компаниудаа АНУ-д хөрөнгө оруулахыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн мэдээлэл гарч байлаа.
Монгол Улсад яаж нөлөөлөх вэ?
10 хувийн тариф тогтоох орнуудын эгнээнд багтсан Монгол Улсын хувьд АНУ-тай хийх худалдааны цар хүрээ төдийлөн их биш. Өнгөрсөн онд 166.3 сая ам.долларын экспортыг АНУ руу хийсэн нь өмнөх оноосоо 4.6 дахин өссөн дүн боловч Монголын нийт экспортын ердөө 1.1 хувийг бүрдүүлжээ. Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт экспортын дийлэнх хувийг эзэлсэн байна.
Монгол Улсын хувьд АНУ-ын GSP хөнгөлөлтийн хөтөлбөрт багтдаг учир тус улс руу экспорт хийхэд бараа, бүтээгдэхүүний төрлөөс хамаараад 5-15 хувийн тариф төлдөг байв. Тиймээс шинэ 10 хувийн тарифын нөлөө харьцангуй бага, бусад улсуудын тарифыг харвал бүр ашигтай ч байж болно. Тарифын улмаас учрах эрсдэлийн тооцоолол хийгдэнэ гэж Эдийн засаг, хөгжлийн яам мэдэгдэв.
Хэдий тийм боловч БНХАУ-аас экспортын өндөр хамааралтай гэдэг утгаараа түүхий эдийн эрэлт зэрэг хүчин зүйлсээр дамжин Монголд тарифын сөрөг нөлөө дам байдлаар ирэх эрсдэлтэй юм. БНХАУ-д үйлдвэрлэл буурвал Монголоос авах түүхий эдийн хэмжээ нь дагаад буурна. Түүнчлэн БНХАУ-аар дамжин орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурах эрсдэл байгааг “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд илэрхийлж байлаа.
Зах зээл хэрхэн хөдлөв?
Шийдвэр зарлагдсан даруйд хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, Засгийн газрын бонд, алт тэргүүтэй аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд “хоргодсоноор” АНУ, Ази, Европын голлох индексүүд бүгд огцом уналаа. Мөн ам.долларын ханш сүүлийн 2.5 жилийн хамгийн өндөр дүнгээр суларсан бол АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж найман суурь нэгжээр буурч, алтны үнэ дахин дээд цэгээ шинэчлэв. Таваарын захад брент төрлийн газрын тосны үнэ дөрвөн хувиар, мөн зэс, хөнгөн цагаан, цайрын үнэ эрчимтэй буурлаа.
Технологийн салбарын томоохон нэрсийг харвал “Apple”-ийн хувьцааны ханш долоо гаруй хувиар, “Amazon”, “Dell”, “Tesla”-ийн хувьцааны ханш бүгд дөрвөөс дээш хувиар унасан байна.