
Зургийг: Yonhap News Agency
БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг улсдаа онц байдлын дэглэм зарласан үйлдэлтэй нь холбоотойгоор огцруулах шийдвэрийг баталгаажууллаа. Шүүгч “Ерөнхийлөгч Юн Сог Ёль цэргийн дэглэм тогтоохдоо хуулиа дагаж мөрдөөгүй, онц байдал зарлах нөхцөл биш байсан, өөр аргаар шийдвэрлэх боломжтой байсан. Түүний шийдвэр хуулиа дээдлэх зарчим болон ардчиллыг зөрчсөн” гэж тайлбарыг унших үедээ тодотгосон байна.
Олон хоног үргэлжилсэн шүүх хурлын эцсийн шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болох тул бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй Юн Сог Ёль албан тушаалаа хүлээлгэн өгч, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус сонгууль 60 хоногийн дотор зохион байгуулагдахаар болж байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү шүүхээс ямар ч шийдвэр гарсан хууль дээдлэх зарчмын дагуу хүлээж авах ёстой гэдгээ илэрхийлж байв.
2024 оны 12 дугаар сарын дундуур БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас Юн Сог Ёль онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, санал хураалтаар түүнийг огцруулах шийдвэр гаргаад байсан юм. Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулснаар түүний холбогдсон хэргүүдийг хууль хяналтын байгуулагууд илүү нарийвчлан шалгах боломжтой болж байна.
2024 оны 12 дугаар сарын гурваны шөнө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсдаа цэргийн дэглэм тогтоож, онц байдал зарласан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал болсон бөгөөд үүний улмаас тус улсад тодорхой хугацаанд улс төрийн тогтворгүй байдал үүсээд байсан юм.
Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бүрэн эрхийг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түдгэлзүүлснээс хойш буюу 111 хоногийн дараа шүүх хурал болж, түүнийг буруутай гэж үзлээ.