
Зургийг: Bloomberg/Fabrice Coffrini/AFP/Getty Images
Түүхий эдийн арилжааны гол тоглогч болох “Trafigura Group” компанийн ашиг 73 хувиар буурсан байна. Ийнхүү тус компанийн оны эхний хагас жилийн цэвэр ашиг 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Энэ нь таваарын арилжааны бизнесээс олох ашгийн огцом өсөлтийн цикл дуусаж буйг илтгэж байна.
Тайлант хугацаанд тус компани 1.4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. “Trafigura Group”-ийн төвлөрдөг эрчим хүч болон металлын зах зээлд үнийн хэлбэлзэл тогтворжсон нь үүнд голлон нөлөөлсөн байна. Тухайлбал: цар тахал болон ОХУ, Украины зөрчлөөс үүдсэн түүхий эдүүдийн үнийн огцом савлагаа нь таваарын арилжаанд оролцогчдын ашиг цойлоход нөлөөлж байсан аж.

Харин сүүлийн хэдэн жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү үнийн хэлбэлзэл тогтворжиж, нийлүүлэлтийн хомсдол эргэн хэвийн түвшиндээ дөхөх хандлагатай байгаа нь “Trafigura Group”-ийн ашиг буурахад нөлөөлсөн байна.
“Trafigura Group” Монгол дахь газрын тосны бизнестэйгээ холбоотойгоор олон сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байгааг өмнө нь мэдээлж байв.

Тус компанийн тайланг илүү нарийн шинжилбэл хоёр хачирхалтай үр дүн илэрснийг “Bloomberg” онцолж байна. “Trafigura Group”-ийн хугацаа хэтэрсэн авлагын хэмжээ эрс нэмэгдсэн нь дийлэнх үйлчлүүлэгчид нь төлбөрөө төлөхгүй байгааг илтгэж байгаа аж.
Гуравдугаар сарын эцсийн байдлаар тус компанид хэрэглэгчид нь 10.5 тэрбум ам.долларын өртэй байсан байна. Энэ нь жил бүр олон зуун тэрбум ам.долларын түүхий эдийн арилжаа хийдэг компанийн хувьд шинэ зүйл ч дийлэнх авлагынх нь хугацаа хэтэрсэн байгаа ажээ. Тодруулбал: нийт авлагынх нь 15.8 хувийнх нь хугацаа 60 хоногоор хэтэрсэн байгааг тус компани тайландаа мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаарх дүнтэй харьцуулахад гурав дахин өндөр дүн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хугацаа нь 60 хоногоос хэтэрсэн авлагын хэмжээ нь 1.66 тэрбум ам.доллар болж өсжээ.

Энэ асуудлаас үүдэн тус компани томоохон хэмжээний алдагдал хүлээхээр байна. Зээлийн алдагдал нь 330.2 сая ам.доллар хүрэхээр байгаа нь өнгөрсөн оны есдүгээр сарын 3.3 сая ам.доллароос бараг 100 дахин өндөр дүн болж байгаа аж. “Trafigura Group”-ийн дансны мэдээлэл нийтэд ил болсноос хойших 10 жилийн хугацаанд зээлийн алдагдал нь зургаан сая ам.доллар давж байсан тохиолдол гараагүй байна.
"Түүхий эдүүдийн үнэ доод цэгтээ хүрээгүй байна. Энэ нь импортлогч орнууд хугацаандаа төлбөрөө төлөхгүй байх асуудлуудтай тулгарсаар байна гэсэн үг. Мөн бодлогын хүү өндөр байгаа нь бидний зарим хэрэглэгчдэд нөлөө үзүүлж байна" гэж “Trafigura Group” компанийн Санхүү хариуцсан захирал тайлбарлажээ.
Үүний нэг жишээ нь Монгол Улс байх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр Монголын газрын тосны зах зээл жижиг ч “Trafigura Group”-ийн дээрх асуудлаас хүлээх алдагдал хэдэн зуун сая ам.доллароор үнэлэгдэж байгаа юм.