
Зургийг: mglaqua.mn
Дотоодын эдийн засгийн өсөлт үргэлжилж, үйлдвэрлэл төрөлжихийн хэрээр хувьцааны зах зээлд сонголт нэмэгдсээр байна. Үүний сүүлийн жишээ нь энэ оны анхны IPO хийж буй үйлдвэрлэгч болох “Эм Жи Эл Акуа” ХХК юм.
“Voyage” цэвэр усаараа танигдсан тус компанийн бүтээсэн үнэ цэн, өсөлтийн төлөв, цаашдын төлөвлөгөөг танилцуулж байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй IPO
Монголын Хөрөнгийн биржид цан цохих ёслолоо хийсэн “Эм Жи Эл Акуа” компани анхдагч зах зээлийн арилжаагаар 26.73 хувиа санал болгож, нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр үнэлэн, нийт 15.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхийг зорьж байна. Тавдугаар сарын 21-нийг хүртэл захиалга нь үргэлжлэх энэхүү IPO-д үндсэн андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК”, туслах андеррайтераар “Таван Богд Капитал ҮЦК” ажиллаж буй.
Мөн тус компани санал болгох хувьцааныхаа 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 20 хувийг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд IPO-ийн дараа компанийн 73.27 хувийг “Ти Эм Эл Трейд” ХХК, үлдсэн хувийг олон нийт эзэмшдэг болох нь.
Хөрөнгийн захад зөвхөн цэвэр усны үйлдвэрлэлээр дагнасан анхны компани болон орж ирж буй “Эм Жи Эл Акуа”-ийн хувьцаа Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд “MGL AQUA” үсгэн кодоор бүртгэгдээд байна. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөө цэвэр бизнесийн тэлэлт, ашигт ажиллагааны өсөлтөд зориулах бөгөөд говийн бүсэд баригдах шинэ үйлдвэр нь тэдний чухал төсөл аж.
Монголын Хөрөнгийн биржид шинэ хувьцаануудын ханш IPO хийсэн үеийнхээсээ голчлон уналттай байгаа энэ үед ханшийн хэлбэлзэл үүсвэл үнэ тогтворжуулах стратеги төлөвлөгдсөн гэдгээрээ “Voyage”-ийн IPO онцлог болж байна. Тодруулбал: хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд анх гаргасан үнээс 15 хувь болон түүнээс дээш хувиар унасан тохиолдолд нэг тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Эм Жи Эл Акуа” компани нь IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөө орлого нэмэгдүүлэх чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн нь хөрөнгө оруулагчдад өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлж байна.
Зах зээлийнхээ хамгийн том тоглогч
23 жилийн түүхтэй “Эм Жи Эл Акуа” ХХК үйлдвэрлэлийн биет хэмжээгээр зах зээлийнхээ 30 хувийг бүрдүүлдэг, савласан цэвэр усны үндэсний хамгийн том үйлдвэрлэгч юм. Эдийн засаг уналттай, цар тахлын хүнд үед борлуулалтаа өсгөж чадсан тус компани өдгөө эдийн засаг ид сэргэж буй үед тохируулан орлогоо улам өсгөх алхам хийж байгааг “Инвескор Капитал ҮЦК” онцолж байлаа.
Түүнчлэн тус компани бүтээгдэхүүндээ маркетингийн зардал шингээдэггүй учраас тогтвортой хямд үнээр борлуулдаг, цэвэр усны сав нь хамгийн энгийн материал хийцлэлтэй тул байгальд хурдан шингэж, дахин боловсруулалтын зардлыг бууруулдаг гэх мэт давуу талууд бий аж.
“Эм Жи Эл Акуа” ХХК 2024 онд долоон тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөөлөл гаргаж, ногдол ашигт 40 хүртэлх хувийг нь хуваарилахаар бодлогын баримт бичигтээ тусгажээ. 2018 оноос 2022 он хүртэлх хугацаанд тус компанийн цэвэр ашгийн жилийн дундаж нийлмэл өсөлт нь 73.1 хувь байсан бол IPO-ийн дараах таван жилд цэвэр ашгаа жилд дунджаар 32.6 хувиар өсгөж, 28.6 тэрбум төгрөгт хүргэх амбицтай зорилт тавьжээ. Мөн 2023 оны байдлаар 15 хувьтай байгаа ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж нь 2028 он гэхэд 25 хувь болж тэлнэ хэмээн тус компани тооцоолж байна.
Баттай зах зээл
Өдөр тутмын хэрэглээ учраас цэвэр усны зах зээл ямагт тэлдэг гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд бий болоод байгаа. Дэлхийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн нийт савласан усны хэмжээ 30 гаруй хувиар өсөж, энэ онд 480 тэрбум литр давах төлөвтэйг "Statista" мэдээлж байна.
2023 онд Монгол Улс нийт 122 сая литр цэвэр ус үйлдвэрлэсэн нь өмнөх онтой нь харьцуулахад 16 орчим хувиар, 2021 оноос 20 гаруй хувиар өссөн дүн болжээ. Зарим компанийн тайлангаас харвал Монголд үйлдвэрлэгдэх савласан цэвэр усны биет хэмжээ ирэх таван жилд тасралтгүй өссөнөөр 2028 он гэхэд 201 сая тонн, харин жилийн борлуулалт нь 427 тэрбум төгрөг (105 хувийн өсөлт) хүрэх тооцоолол байгаа аж.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com