
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Temu” брэндийн үүсгэн байгуулагч Колин Хуан БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа ердөө хоёр долоо хоног л хадгалж чадлаа.
“Temu“-ийн толгой компани “Pinduoduo”-ийн хувьцааны ханш даваа гарагт огцом унаснаар Колин Хуаны хөрөнгө ганцхан өдөрт 14.1 тэрбум ам.доллароор буурсан байна. Ингэснээр түүний хөрөнгө 35.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж, “Bloomberg Billionaires Index”-т БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн дөрөвдүгээрт бичигдлээ. Харин БНХАУ-ын савласан усны бизнесийн хаан гэгддэг Жон Шаньшан 50 тэрбум ам.долларын хөрөнгөөр эргэн хамгийн чинээлэг эрхэм болж байна.
Колин Хуаны хөрөнгө 48.6 тэрбум ам.доллар болж, дээрх жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тэргүүлж байсан Жон Шаньшанийг гүйцээд байсан юм.
“Google”-ийн инженер байсан Колин Хуан ”Pinduoduo” хэмээх хямд үнэтэй бараа, өргөн далайцтай сурталчилгаагаараа танигдсан цахим худалдааны платформоо 2015 онд нээж байжээ. ”Pinduoduo”-ийн орлого шинжээчдийн таамагт хараахан хүрээгүйгээс гадна борлуулалт нь саарна гэж шинжээчид тооцоолж байна.
2021 оны эхээр Колин Хуаны цэвэр хөрөнгө 71.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж, богино хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн эгнээнд дэвшиж байв.
Өнгөрсөн хугацаанд “PDD Holdings” урьдынх шигээ далайцтай биш ч тогтвортой ажиллаж, “Temu” брэнд нэрээрээ хилийн чанадад үйл ажиллагаагаа тэлж, удаан хугацаанд сул үзүүлэлттэй байсан дотоодын эдийн засагтаа дэмжлэг үзүүлж байсан юм.