
Зургийг: С.Батсайхан
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр оны эхний улиралд нийт 127 удаагийн арилжаа амжилттай явагдаж, 5.58 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжигдсан байна. Арилжааны нийн дүн 2.48 их наяд төгрөг хүрчээ. Үүнээс дийлэнх буюу 96 орчим хувийг нүүрсний арилжаа бүрдүүлсэн бөгөөд нийт 68 удаагийн нүүрсний дуудлага арилжаа явагдаж, 5.2 сая тонн нүүрсийг 2,393.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Худалдагч компаниуд дуудлага арилжаагаар арилжигдсан нүүрсний үнийн өсөлтөөс нийт 301.72 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ.
Үүнээс гадна нийт 59 удаагийн арилжаагаар 358.8 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 94.94 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Үүнд: 171 мянга 450 тонн буюу 51.59 тэрбум төгрөгийн төмрийн баяжмал, 187 мянга 350 тонн буюу 43.35 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр тус тус арилжигджээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг хэлцлийн тоогоор худалдан авсан улсаар харвал 61.4 хувийг БНХАУ-д, 20.5 хувийг Хонконгт, Сингапур 17.3 хувийг үлдсэнийг нь дотооддоо нийлүүлжээ.
Нийт нүүрсний арилжааны үнийн дүнгийн 45.56 хувь буюу нэг их наяд 90.39 тэрбум төгрөгийг 1/3 коксжих нүүрсний арилжаа, 29.22 хувь буюу 699.29 тэрбум төгрөгийг дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжаа, 20.75 хувь буюу 496.54 тэрбум төгрөгийг баяжуулсан коксжих нүүрсний арилжаа, 0.97 хувь буюу 23.33 тэрбум төгрөгийг эрчим хүчний нүүрсний арилжаа, 0.28 хувь буюу 6.67 тэрбум төгрөгийг баяжуулсан сул коксжих нүүрсний арилжаа, 1.41 хувь буюу 33.77 тэрбум төгрөгийг баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсний арилжаа, 1.8 хувь буюу 43.16 тэрбум төгрөгийг дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрсний арилжаа эзэлж байна.
Харин экспортыг аваад үзвэл он гарсаар зургаадугаар сарын гурваны өдрийн байдлаар нийт 31.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34.6 хувийн өсөлттэй байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Үүнээс гадна оны эхний таван сарын экспортын үзүүлэлтээс харахад Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрч чадахаар байгааг “SXCoal” онцолж байв. Тодруулбал: менежментээ зөв хийж чадвал зорилтоо дахин биелүүлэхэд тээвэрлэлт талаасаа ямар нэг саадгүйг харуулж байгааг “SXCoal” онцолсон юм.