logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын тарифаас зайлсхийхийн тулд Канад, Мексикийн удирдагчид буулт хийсэн нь “бэлдсэн жүжиг” байсан уу?
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 05 10:15
    643

    Зургийг: Andrew Harrer/Bloomberg

    Дональд Трамп ойрын өдрүүдэд Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж буй ч БНХАУ-ын бүх бараа, бүтээгдэхүүний импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхлээд байна

    Канад, Мексикийн удирдагчидтай тохиролцсоны үндсэн дээр Дональд Трамп хөрш орнууддаа ногдуулах 25 хувийн тарифаа нэг сараар хойшлуулахаар боллоо. Харин БНХАУ-д тогтоосон 10 хувийн тариф нь хэрэгжиж, улмаар Бээжингээс АНУ-ын хэд хэдэн төрлийн бараа, бүтээгдэхүүнд хариу тариф ногдуулав.

    Дор нь хариу барив

    Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын өдрүүдэд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж буй ч БНХАУ-ын бүх бараа, бүтээгдэхүүний импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулах шийдвэр нь хэрэгжиж эхэллээ. “Хэрэв БНХАУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол тариф нэлээн даацтай байх болно” хэмээн Дональд Трамп өмнө нь мэдэгдээд байв.

    Сар шинийн баярын амралт нь үргэлжилж буй БНХАУ-ын зүгээс дээрх шийдвэрт даруй хариу арга хэмжээ авч, хоёрдугаар сарын 10-наас эхлэн АНУ-ын таван тэрбум ам.доллартой тэнцэх эрчим хүчний бүтээгдэхүүний импортод 15 хувь, газрын тос болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн импортод 10 хувийн татвар ногдуулахаа зарлалаа.

    unnamed (5).jpg

    Үүнээс гадна БНХАУ “Google” компани монополын эсрэг хууль зөрчсөн эсэхийг нягтлах хяналт шалгалт явуулахаа мэдэгдсэн байна. “Alphabet”-ийн интернэт хайлтын үйлчилгээ тус улсад 2010 оноос хойш хаагдаад байгаа юм.

    Бээжингийн хариу арга хэмжээ эдийн засагтаа томоохон цохилт учруулахаас сэргийлж няхуур тооцоолсон, харьцангуй сул арга хэмжээ болж байгааг “ING Bank”-ийн Ахлах эдийн засагч Линн Сон онцолсон байна.

    Бэлдсэн жүжиг байв уу?

    Үүнээс өмнө Дональд Трамп хоёр хөршийнхөө Төрийн тэргүүн нартай утсаар ярилцаж, улмаар импортын бараа, бүтээгдэхүүнд нь ногдуулах 25 хувийн тарифаа нэг сараар хойшлуулах шийдвэр гаргасан юм. Канад болон Мексик улс хил дамнасан цагаачдын урсгал, хар тамхины наймаатай тэмцэхэд хатуу арга хэмжээ авахаар зөвшөөрсний үндсэн дээр ийнхүү шийдвэрлэснийг мэдээлж буй.

    Хэдий тийм боловч эдгээр “буулт” үнэндээ тийм ч том байгаагүйг “Bloomberg Opinion”-ийн  нийтлэлч Жон Аутерс онцолсон байна.

    Мексик улс АНУ руу чиглэсэн цагаачдын урсгалыг хумьж, хар тамхины наймаатай тэмцэхэд хүч нэмэх Үндэсний Гвардын 10 мянган албан хаагчийг хилийн бүс рүү илгээхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгджээ. Гэтэл 60 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй Үндэсний Гвардыг Мексикийн өмнөх Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор бий болгосон бөгөөд Мексикээр дамжин АНУ-ыг зорьдог Төв Америкийн цагаачдын урсгалыг зогсоохын тулд Дональд Трампын эхний засаглалын үеэс л өмнөд хил рүүгээ илгээсээр иржээ. Жирийн үед Мексикийн хилийн мужуудад 15 мянга гаруй Гвардын алба хаагч байрладаг аж.

    unnamed.jpg

    Мексикийн нэр хүндтэй сэтгүүлч Карлос Лорет да Молагийн “El Universal”-д бичсэн нийтлэлээс эш татвал:

    Мексикийн 10 мянган цэргийг хил хамгаалалтад татсаны хариуд тарифын сүрдүүлгээ буцаах нь Дональд Трампын зургаан жилийн өмнө яг хийж байсан зүйл. Тоглоомын дүрмийг мэдсэн Дональд Трамп, Шейнбаум нар аль хэдийн бэлдсэн жүжгээ шинээр тоглож буй шинжтэй. Шейнбаум түүнийг хуучин Дональд Трамп хэвээрээ гэж тооцоолсон, Дональд Трамп харин Шейнбаумыг өмнөх Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадороос ялгаагүй гэж тооцоолсон.

    Харин Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хилийн хамгаалалтыг чангатгах 1.3 тэрбум канад долларын санхүүжилтээ эрчимжүүлэхийн сацуу “10 мянга гаруй алба хаагч хил хамгаалалтад ажиллана” гэж амлаад байгаа. Канадын Хилийн аюулгүй байдлын агентлагийн мэдээллээс харвал одоогоор нийт алба хаагчдын тоо нь 8500 орчим байгаа аж. Энэ тоог ойрын хугацаанд дорвитой нэмэгдүүлэх эсэх нь хараахан тодорхой бус байна.

    Мөн Жастин Трюдогийн Засгийн газар хил хамгаалалтад зарцуулах 1.3 тэрбум канад долларын төлөвлөгөөгөө өнгөрсөн жилээс зарласаар иржээ. Канад улс бас АНУ-ын хилээр нэвтэрдэг фентанилийн асуудлыг хариуцах Засгийн газрын шинэ албан тушаалтан томилохоо мэдэгдсэн ч 2024 онд Канадын хил дээр ердөө 19.5 кг фентанил хураагдсан байхад Мексикийн хил дээр бараг есөн тонныг хураасан байна.

    Эдгээрээс харвал Дональд Трамп анхнаасаа тарифын бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан эсэхэд эргэлзэх нь зүйн хэрэг болохыг Жон Аутерс тэмдэглэжээ. “Энэ бүгд түүний хувьд сонгуулийн амлалтуудаа биелүүлэхийн төлөө байсан” хэмээн “Signum”-ийн улс төрийн стратегич, тариф хэрэгжихгүйг зөв тооцоолсон Эндрю Бишоп бичсэн байна. Ямартай ч Дональд Трампын дэмжигчид үйл явдал ингэж эргэснийг Клаудиа Шейнбаум, Жастин Трюдо нар буулт хийлээ гэж хүлээн авч байна.

     

    Нийтлэлийг: Жон Аутерс

    Cэтгэгдэл бичих