
Зургийг: Yuichiro Chino/Moment RF via Getty Images
Биржийн бус зах зээлийн M-OTC платформ Монголд анх удаа блокчэйн үнэт цаасны арилжааг эхлүүллээ. 2021 онд биржийн бус зах зээлийн M-OTC платформ анх ашиглалтад орсноос хойш нийт 1.9 их наяд төгрөгийн бондын арилжаа хийгджээ.
M-OTC платформ өнгөрсөн оны 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын зохицуулалтын орчинд блокчэйн үнэт цаасны арилжааг турших зөвшөөрөл аваад байсан юм.
Блокчэйн технологи нь үнэт цаасны арилжааны аюулгүй байдал, хөрвөх чадварыг сайжруулах боломжийг бүрдүүлж байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцолж байв.
M-OTC блокчэйн арилжааны платформ нь олон төрлийн блокчэйн сүлжээ ашиглан арилжаа хийх боломжтой байхаар бүтээгдсэн байна.
Сэндбоксын зохицуулалт дор хийгдэж буй анхны блокчэйн үнэт цаасны арилжаа нь ТЕО блокчэйн сүлжээ ашиглан явагдсан бөгөөд үүнийг ашигласнаар биржийн бус зах зээлийн арилжааны мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажээ.