logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Гидропоник тариалалт Сингапур ба Монголд: Хэтийн өгөөж нь юу вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 10 10:30
    1300

    Зургийг: Wei Leng Tay/Bloomberg

    Хөрсгүй тариалалт буюу гидропоник технологи нь хүнсний ногоо, ногоон ургамал, эмийн ургамлыг хөрсөнд бус усан суурьтай шим тэжээлт уусмалд тарьж ургуулдаг

    Жилийн дөрвөн улиралд уур амьсгал, цаг агаарын нөлөөллөөс шалтгаалахгүйгээр тариалалт эрхлэх аргууд нь хүнсний тогтвортой ирээдүйн чухал хэсэг болж байна. Хүнсний ногооны хэрэгцээнийхээ үлэмж хувийг импортоор хангадаг Монголтой төстэй улсуудын хувьд хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэх шинэ “ногоон” гарцуудын нэг нь гидропоник тариалалт байх боломжтой юм.

    Усны хэрэглээ 90 хувиар багасна

    Хөрсгүй тариалалт буюу гидропоник технологи нь хүнсний ногоо, ногоон ургамал, эмийн ургамлыг хөрсөнд бус усан суурьтай шим тэжээлт уусмалд тарьж ургуулах технологи юм. Шавж устгагч, зэрлэг ургамал устгагч химийн бодис ашиглах шаардлагагүй, уламжлалт тариалалтын аргуудаас 90 хувиар бага ус хэрэглэдэг, зай талбай ихээр хэмнэдэг гэдгээрээ энэхүү технологи нь ихээхэн давуу талтай.

    "ComCrop"-ийн гидропоник ферм

    Нийт хүнснийхээ 90 хувийг импортоор авдаг Сингапур улсын Засгийн газар хүн ам шигүү суурьшсан жижиг газар нутгийн сул талаа багасгаж, 2030 он гэхэд хүнсний хэрэгцээнийхээ 30 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхийн тулд гидропоник тариалалт, босоо ферм зэрэг технологийн дэвшлүүдэд ихээхэн найдлага тавьж байгаа аж. Барилгын дээвэр, өндөр барилгын давхруудад гидропоник аргаар хүнсний ногоо ургуулдаг “ComCrop”, “Sustenir” зэрэг компани тус хот улсад аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ чиглэлийн зарим тэргүүлэх компаниудад Сингапурын Засгийн газраас санхүүжилт олгодог байна.

    Хэдий тийм боловч бусад ногоон технологиудын нэгэн адил гидропоник босоо фермүүд нь гарааны томоохон хөрөнгө оруулалтаар дутагдахын зэрэгцээ эрчим хүчний зардал өндөр байдаг нь санхүүгийн үр ашигтай ажиллахад хүндрэл учруулдаг аж.

    Монгол дахь тариалалт

    Монгол Улсын хүнсний ногооны импорт жил ирэх тусам нэмэгдсээр энэ он гарсаар 25.3 мянган тонн хүнсний ногоо импортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар, 2022 оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байгаа юм.

    Хүнсний ногооны импортоос өндөр хамааралтай Монгол Улсын хувьд дотоодын тариалалтаа нэмэгдүүлэхийн тулд өвлийн хүлэмжийн тоог олшруулах, тэр дундаа гидропоник технологи нэвтрүүлснээр богино хугацаанд хэд дахин илүү ургац авах боломжтойг “Төгс ургац” компанийн Гүйцэтгэх захирал П.Буянтөгс онцолж байв. Гидропоник технологи бүхий 50 га хүлэмж байхад дотоодын нарийн ногооны хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад экспортлох ч боломж буйг тэрбээр тодотгож байлаа.

    “Төгс ургац” компанийн хувьд 2016 оноос гидропоник хүлэмжинд өргөст хэмх тарьж, одоогоор дотоодын зах зээлийн 40-45 хувийг хангаж байгаа бөгөөд цаашлаад дотоодын өргөст хэмхийн хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьжээ. Гидропоник технологитой хүлэмж байгуулахад бусад хүлэмжээс 8-10 дахин өндөр өртөгтэй, хөрөнгө оруулалтаа нөхөхөд урт хугацаа шаарддагаараа онцлогтой юм байна. 

    "Гэрэл, дулаан, усалгаа, чийгшил зэрэг ургамал тариалахад хамгийн чухал хүчин зүйлсийг жилийн 365 хоногийн турш автомат технологиор хянаж, ургамлын өсөлт, ургацын хэмжээнд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлог. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл бид тариалалтын талбайгаа жилд дунджаар 5-10 га-аар тогтмол нэмээд явах бүрэн боломжтой"

    Хүлэмжийн тоог нэмэгдүүлэхэд Төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал: 2023 онд 22 аж ахуйн нэгжид 11.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Харин энэ онд долоон тэрбум төгрөгийн зээл олгоно гэдгийг салбарын яам мэдээлж байсан юм.

    "Ногоон хүлэмж нь зөвхөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг шилэн байгууламж биш. Түүнээс ч илүү ач холбогдолтой зүйл. Ногоон хүлэмжид дэвшилтэт технологи ашиглах боломжтой. Тариалж буй ургацын гарцаа боломжит хамгийн өндөр түвшинд байлгахын тулд хүлэмж доторх усыг хэрхэн ашиглах гэх мэт. Эсвэл  24 цагийн турш халаалт, дулаалгын систем хөгжүүлэх байж болно. Энэ бол бидний хамтран ажиллах хүсэлтэй байгаа салбар"

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих