
Зургийг: Bloomberg
Энэ жилийн захидалдаа тэрбээр компанийн ил тод байдлын ач холбогдлыг тодотгож, Berkshire-ийн ашиг 2024 онд түүхэнд байгаагүй 47.4 тэрбум ам.долларт хүрснийг магтсаны сацуу АНУ-ыг агуу болгодог “жорууд”-ыг эргэн сануулжээ. Тэдгээрийн зарим нь гэнэтийн шийдвэрүүдээр дэлхий дахиныг бужигнуулж байгаа Ерөнхийлөгч Дональд Трамп руу чиглэсэн нь илэрхий байсан юм.
Ингээд түүний захидлаас онцлох санаануудыг хүргэе.
Татвараа төлөх нь эх оронч үзэл
Иргэд, бизнесүүдийн татварын хөнгөлөлтийн арга хэмжээг сунгах Д.Трампын төлөвлөгөө АНУ-ын Конгрессоор батлагдах төлөвтэй энэ цаг үед У.Баффет захидалдаа өндөр татвар төлөх нь амжилт, ухаалаг удирдлагын шинж тэмдэг болдгийг тодотгосон байна.
"АНУ-ын ЗГ-ын урьд хүлээн авч байгаагүй өндөр дүнтэй орлогын албан татварыг Berkshire төлсөн. Их наядаар хэмжигдэх зах зээлийн үнэлгээг удирддаг Америкийн технологийн магнатууд хүртэл ийм дүнтэй татвар төлөөгүй… Нэг л өдөр таны ач зээ нар 2024 онд бидний төлснөөс ч их татвар төлөхийг хүсэх болно. Тэгэхээр үүнийг хянамгай зарцуул. Амьдралд боломж атгаж чадаагүй нь өөрсдийнх нь буруу биш хүмүүсийг анхаарч халамжил. Тэд илүүг хүртэх эрхтэй."
Хуримтлуулах нь Америкийн амин сүнс
Эх оронч капиталистууд мөнгөө хадгалж, мэргэн ухаанаар зарцуулсны хүчээр Америк өнөөгийн агуу гүрэн болсныг Баффет мөн хэлж байна.
"Залуу гүрэн байхдаа манай улс хуримтлалаа дэмнэхийн тулд зарим үед гадаад орноос мөнгө зээлж байсан нь үнэн. Гэхдээ үүний хажуугаар олон Америкчууд мөнгөө тогтмол хадгалж, түүгээр бүрэлдсэн капиталыг ухаалаг зарцуулах шаардлага гарсан. Хэрэв Америк үйлдвэрлэсэн энэ бүх хөрөнгөө идэж хэрэглээд дуусгачихсан бол энэ улс байрандаа эргэлдсээр л байх байлаа."
Хөрөнгө оруулалтыг хамгаалах нь ариун үүрэг хариуцлага
У.Баффет компаниуд ногдол ашиг тараахыг таашаадаггүй үзэл санаагаа энэ захидалдаа дахин хөндсөн байна. Ногдол ашгийг тэвчсэнээрээ Berkshire-ийн хувьцаа эзэмшигчид Америк гайхамшгийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, хэрэглэхийн оронд шинээр хөрөнгө оруулалт хийхийг сонгосон хэмээн тэрбээр магтжээ.
"Америкийн зам мөр үргэлж сайхан байгаагүй. Хуримтлалаараа дэнчин тавин эндүүрч итгэсэн хүмүүсийг ашиглахыг санаархагч зальхай, олиггүй этгээдүүд манай улсад ямагт байсаар ирсэн. Хэдий энэхүү гэм хор өнөөдөр ч бүрэн утгаараа оршиж, мөн харгис өрсөлдөөн, замбараагүй инновацын улмаас үлэмж их капитал үгүй болж байгаа ч Америкчуудын хурааж хуримтлуулсан хадгаламж ямар ч колоничлогчийн мөрөөдөж чадахгүй их бөгөөд чанартай өсөлтийг авчирсан."
Долларыг хамгаалах ёстой
Эцэст нь Баффет тогтвортой мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.
"Валютын тогтвортой байдлыг хадгалах шаардлагатайг бид хэзээ ч мартах ёсгүй. Үүний тулд мэргэн ухаан, сонор сэрэмж аль аль нь хэрэгтэй."