logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Ажлаас халшрах хам шинж - Энэ бол Сингапурын амжилтын төлөөс
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 03 14:10
    1131

    Зургийг: Ore Huiying/Bloomberg

    Дэлхийн хамгийн стресс ихтэй газруудын нэг болох Сингапурт амжилт гэдэг нь биднийхээс тэс өөр ойлголт

    Ажлын байран дахь өрсөлдөөн, ажилтнуудын ачааллаар дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг Сингапурт амжилтад хүрнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил.

    Арлын тус улс 60 гаруй жилийн өмнө Малайзаас тусгаар тогтнож, тухайн үеийн эгзэгтэй, тодорхой бус ирээдүй бүхий дэлхийд анх мэндлэхдээ өөрсдийн үндэстний онцлогийг бий болгох шаардлага тулгарсан тул “цаг наргүй ажиллах нь норм” гэсэн ойлголтыг нэрийн хуудсаа болгожээ.

    Өнөөдөр Сингапур амьдралын чанараараа Азидаа  дээгүүр эрэмбэлэгдэж байна. Гэхдээ энэ амжилт нь төлөөс дагуулсан юм. 

    Сингапур бол дэлхийн хамгийн стресс ихтэй газруудын нэг. Ажил, амьдрал, гэр бүл, хувийн хүсэл тэмүүллээ тэнцвэртэй авч явахаар чармайж буй Сингапурын иргэдийн дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чимээгүй тахал болон дэлгэрсэн аж. 

    Харин сингапурчуудын зарим нь энэ нөхцөл байдлаас бүрмөсөн ангижрахаар шийдсэн байна. Ашиш Шианги Кумарын хувьд 31 насандаа тэтгэвэртээ гарчээ. Түүний LinkedIn дээрх танилцуулга бусдынхаас арай өөр. Өөрийнх нь нэрийн доор, алдарт Кэмбрижийн их сургуулийн нэрийн дээр “Эрх чөлөөтэй, жаргалтай нэгэн” гэх тодотгол нүдэнд тусаж байлаа.

    Тэрбээр Сингапурын амжилтын бодит жишээ юм. Энэтхэг гаралтай, 2004 оны Сингапурын шилдэг оюутан болж байсан тэрбээр Засгийн газрын тэтгэлгээр Кэмбрижийн их сургуульд элсэж, хуулийн мэргэжлээр төгсөхдөө голч оноогоороо ангиасаа хоёрдугаарт жагсжээ. Дараа нь Сингапурт өрсөлдөөн ихтэй Төрийн алба хашихаар эргэн ирж, бага залуугаасаа өндөр цалинтай золгосон байна. Гэсэн хэдий ч амжилт гэдэг түүний хувьд сайн дүн, тохирсон ажил, данс дахь мөнгөнөөс илүү өөр ойлголт гэдгийг тэрээр “Rice Media” агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ. Идэр залуудаа тэтгэвэртээ гарах түүний шийдвэр олон сингапурчуудын гайхширлыг төрүүлсэн. Тэр бүү хэл Засгийн газраас тэтгэвэрт гарах насны босгыг жил бүр дээшлүүлж байхад түүний шийдвэр нь бүр ч хачирхалтай байв. 2026 оноос эхлэн ажилтнууд 64 нас хүрснээр тэтгэвэрт гарах эрх нь нээгдэх аж. Харин Сингапурын Засгийн газар тэтгэврийн насыг ахиулсаар 2030 он гэхэд 65-аар тогтоох зорилттой байгаа юм. 

    “Сингапурт ажлаас халшрах хам шинж дэндүү их байна. Хүмүүс Ашиш Шианга Кумарын шийдвэрийг ойлгож дэмжсэн. Гэхдээ Кумар бусдаас илүү давуу нөхцөлтэй гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Засгийн газрын тэтгэлэг авсан тул ямар нэг өр төлбөр түүнд байхгүй. Мөн хайр дурлалын харилцаа үүсгэж, хүүхэдтэй болохыг тэрбээр сонирхдоггүй. Тэгэхээр тэтгэвэртээ гарах боломж түүнд байна” хэмээн Ашиш Шианга Кумартай ярилцсан “Rice Media”-ийн ахлах нийтлэлч Хайкель Кек ярьж байлаа. 

    Харин дийлэнх сингапурчуудын хувьд энэ бол тохирох амьдрал нь биш юм. Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл тус хот-улсад ажлаас халшрах хам шинж бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ. Ихэнх нь өрсөлдөөн ихтэй ажлын орчин нөхцөлөөс шалтгаалдаг аж.

    Мөн сэтгэл зүйн асуудлаар тусламж эрэхээс хүмүүс ичиж, санаа зовмоор явдал хэмээн үздэг нь сэтгэл гутрал, айдас түгшүүр дээр нь нэрмээс болдог аж. Сэтгэл зүйн хямрал, түгшүүр ихэнхдээ сургуульд бусдаас илүү сайн сурах ёстой гэсэн хүлээлтийг биелүүлэхээр чармайсан хүүхэд наснаас эхэлдэг. Боловсролын системээс хүүхдэд ирж буй ачаалал дээр нэмээд эцэг эхчүүд хүүхдээ илүү сайн дунд сургууль, их сургуульд тэнцүүлэхээр нэмэлт давтлагад явуулж, ачааллыг нь улам ихэсгэдэг. Ийнхүү багадаа авсан энэхүү ачааг хүн насан туршдаа үүрэх бөгөөд өөр замаар явсан хүнийг Сингапурын нийгэм хэзээ ч шагнаж урамшуулж байсангүй. Энэ ч үүднээс Ашиш Шианги Кумарын түүх бол онцгой содон тохиолдол. 

    Амьдрал буцалж байдаг Азийн улс орнуудаас Сингапур ганцаараа ийм бус. БНСУ, Японд ч стрессийн түвшин дутахааргүй өндөр байдаг. Харин “Сингапур мөрөөдөл” бол маш хатуу заавар журамтай.

    Сингапурчуудын дийлэнх нь хориод насандаа гэрлэдэг. Ингэснээр Засгийн газрын татаастай орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой болдог. Дараа нь төрөөс санал болгосон тоогоор  хүүхэд төрүүлэхийг хичээнэ. Дараагаар нь хураасан багахан мөнгөөрөө автомашин худалдан авч, насны эцэст амжилттайгаар үг дуулгавартай амьдарсныхаа үр шимийг хүртэнэ. Харин хүүхэд төрүүлж өсгөх нь өндөр зардалтай, стресс ихтэй байгаагаас хүүхэдтэй болохыг сонгох хүмүүсийн тоо энэ цаг үед улам цөөрч байна. Хүмүүс идэр насандаа хүрээд юуны төлөө хичээж зүтгэснээ ойлгохоо байдаг. Дунд насны хямрал ч энэ үед тохиодог. 

    Мөн ажил, амьдралаа тэнцүүхэн авч явж, өөртөө ч санаа тавих гэж зүтгэхийн зэрэгцээ хүүхдүүд болон нас өндөр болж буй эцэг, эхээ харж хандсаар  амьдралдаа хаашаа ч үгүй гацсан мэт сэтгэгдэл төрнө. 

    Тус хот улсад шийдвэрлэх шаардлагатай чимээгүй тахал дэгджээ. Өөрт тусламж хэрэгтэйг хүлээн зөвшөөрөхийг Азийн олон орны нийгэм сул доройд тооцдог. Сингапур ч ялгаагүй. Харин шинэ үеийнхний дунд энэ байдал өөрчлөгдөж буй нь баярлууштай юм. 

    Cэтгэгдэл бичих