
Зургийг: Rio Tinto
Баруун Африкийн Гвиней улс дахь “Simandou” уурхай нь дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхай болоод зогсохгүй зах зээлд маш өндөр агууламж бүхий төмрийн хүдэр нийлүүлэхээр байгааг “Rio Tinto” компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын үеэр онцолсон байна.
Хэдий тийм боловч тус уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн ойрын боомтод хүргэхэд авто замаар зургаан өдөр явдаг учраас нүсэр хэмжээний дэд бүтэц хөгжүүлэх шаардлагатай байгаа аж.
“Rio Tinto”-ийн хувьд түншүүдтэйгээ хамтран уурхай, боомтын хооронд 600 км шинэ төмөр зам барихаар ажиллаж байгаагДоминик Бартон мөн тодотгожээ.
Тус компани “Simandou” уурхайг БНХАУ-ын металл олборлолтын томоохон компани “Chinalco”-той хамтран эзэмшдэг. Уурхайн олборлолт ирэх оноос эхлэх хүлээлттэй, нийт 9.5 тэрбум ам.долларын өртөг гарахаар байгаа аж.
Харин “Оюутолгой”-ийн тухайд гүний уурхайн зэсийн олборлолтоо эрчимжүүлж буйг хурлын үеэр дурдсан байна. Бүрэн хүчин чадалдаа хүрэх үедээ “Оюутолгой” уурхай жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, “Rio Tinto”-ийг дэлхийн зэсийн тэргүүлэх нийлүүлэгчдийн нэг болгох юм.