
Зургийг: Lam Yik/Bloomberg
Нийтэд нээлттэй зах зээлээс гадуур хөрөнгө оруулалт хийдэг сангуудаас (Private Equity) бүрддэг хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийн удирдаж буй хөрөнгө олон их наяд ам.доллароор хэмжигдэж, олон ч тэрбумтaн төрүүлээд байна. 1980-аад онд “KKR” компани тамхи үйлдвэрлэгч “RJR Nabisco”-ийг худалдан авсны дараа ид хүчээ авсан хувийн хөрөнгө оруулалт, алтернатив хөрөнгө оруулалтын салбар түүнээс хойш ихийг үзэж туулсаар өдий хүрчээ.
Хенри Крависын “KKR”, Стивен Шварцманны “Blackstone”, Дэвид Рубенштэйний “Carlyle”, Жим Колтерын “TPG” зэрэг томоохон компаниуд анх гарч ирэхдээ "Санхүүгийн салбарын дээрэмчид" хэмээн цоллуулж байсан бол өдгөө энэхүү тогтолцооны ганхашгүй, хамгийн чухал хэсэг болон байр сууриа олжээ.
Мөн Ким Кардашьян зэрэг бусад салбарын олон олон төлөөлөгч дээрх зах зээлд нэгдэх болов. Энэ оны эхээр "Bloomberg TV Mongolia"-ийн сурвалжлах баг Дэвид Рубенштэйнтэй Давост тусгай ЯРИЛЦЛАГА хийсэн бөгөөд энэхүү ярилцлага түүний стратегийн талаар чамгүй мэдээлэл хүргэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд хувийн хөрөнгө оруулалтын зах зээл нүсэр хэмжээнд тэлж, хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 12 их наяд ам.доллар хүрснээс “Blackstone” нэг их наяд ам.доллар давсан хөрөнгийг дангаараа удирдаж байна. Харин “KKR”-ийнх 500 тэрбум ам.доллар, “Carlyle”-ийнх 400 тэрбум орчим ам.доллар байгаа юм. Хэдий тийм боловч тэд үүний тулд харилцан адилгүй замаар замнасан гэхэд болно.
“Blackstone”-ийн хувьд олон нийтийн зах зээлээс шууд нэвтрэх боломжгүй байх магадлалтай дата, мэдээлэл олж авахыг чухалчилж байв.
Харин “KKR” Ази руу томоохон алхам хийж, хувьцаа эзэмшигчдэд чиглэсэн капитализмыг сонгожээ. "Хувийн хөрөнгө оруулалт бол төгс биш. Капитализм ч төгс биш. Гэхдээ энэ нь бүхий л талаараа компанийн үйл ажиллагааг авч явах хамгийн сайн арга зам" хэмээн “KKR”-ийн Хувийн хөрөнгө оруулалтын хэлтсийн олон улс хариуцсан захирал Питер Ставрос онцолсон байна.
Хэдий тийм боловч салбарын томчуудын хувьд энэ нь дөнгөж л эхлэл аж. Ердөө хөрөнгийн удирдлагын нэг сайн компанийг бус цагийн шалгуурыг давсан дэлхийн хамгийн агуу компаниудын нэгийг бүтээх нь Стив Шварцманы алсын хараа болохыг “Blackstone”-ийн Санхүү хариуцсан захирал Майкл Чэ өгүүлжээ.