
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулж, 4.75-5.00 хувийн түвшинд хүргэснээр улсынхаа эдийн засгийг уналтаас аварч, хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх зорилготой бодлогын өөрчлөлтөө нэлээн шийдэмгий эхлүүлж байна. “Мөнгөний бодлогыг зохих түвшинд дахин тохируулснаар хөдөлмөрийн зах зээлийн хүчин чадлын өсөлтийг хадгалж, инфляц зорилтот 2 хувь руу тогтвортой буурна гэсэн итгэл нэмэгдэж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргалаа” хэмээн Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдэв. Мөн тэрбээр энэ удаагийн шийдвэр нь дараа дараагийн бууруулах шийдвэрүүд гарах нөхцөлийг тавилаа гэж хүлээлт үүсгэж болохгүйг анхааруулсан.
Шийдвэр гармагц S&P 500 индекс бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрээд эргэн буурч тогтворжсон бол АНУ-ын ЗГ-ын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж ялимгүй буурав. Фьючерс зах зээлийн хөдөлгөөнөөс харвал он дуустал бодлогын хүү дахин 75 суурь нэгжээр буурах хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж байна.
Ази дахь гол нөлөө
Холбооны нөөцийн банкны энэхүү шийдвэр иений ханшийн өсөлтийг өдөөж, улмаар хөгжиж буй зах зээлүүдэд “carry” арилжаа* хийдэг хөрөнгө оруулагчдыг сандаргавал VIII сард дэлхийн хөрөнгийн захыг хамарсан их савлагааг санагдуулам нөхцөл байдал үүсэх магадлалтай. Иений ханшийн сүүлийн үеийн хөдөлгөөн АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын хүлээлттэй нягт уялдаатай байлаа. Тухайлбал бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж эхэлсэн Даваа гарагт иений ам.доллартой харьцах ханш 140 рүү орж, энэ оны хамгийн чанга түвшиндээ хүрсэн юм.
Бодлогын хүүг бууруулах хувь өндөр байх тусам иений ханш тэр чинээгээр чангарч, Японы экспортлогч компаниудын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нь тус улсын хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй. АНУ-ын Төв банкны шийдвэр гарснаар одоо гол анхаарал Баасан гарагт гарах Японы Төв банкны шийдвэр рүү чиглэж байна. Хэдий дийлэнх эдийн засагчид тус банк энэ удаа бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ гэсэн хүлээлттэй байгаа ч ирэх XII сард хүүг дахин өсгөхтэй холбоотой аливаа дохиог хөрөнгө оруулагчид тэсэн ядаж хүлээж буй нь тодорхой.
*Иен мэтийн бага хүүтэй валютыг зээлээр авч, илүү өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулах стратегийг carry trade гэдэг. VIII сард Японы төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр carry арилжаалагчид олноороо энэ позицоос гарч, улмаар дэлхийн зах зээлд савлагаа үүсэх нөхцөлийг тавьсан юм.
Жижиг зах зээлүүд топ сонголт
Хөрөнгө оруулалтын сангууд бодлогын хүүгийн өөрчлөлтөд стратегиа тохируулах гол сонголтоороо жижиг зах зээлүүд, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудыг сонгоод байгаа. Энэ сард өсөлтөөрөө тэргүүлж буй Азийн топ таван индексийн дөрөв нь Тайланд тэргүүтэй тус бүс нутгийн индексүүд байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчид Тайланд, Индонез, Малайзын ЗГ-ын бондуудад позицоо ихээхэн дүнгээр нэмэгдүүлжээ. Хөрөнгийн энэхүү орох урсгалын нөлөөгөөр Зүүн Өмнөд Азийн валютууд энэ улиралд өсөлтөөрөө хөгжиж буй орнуудын зах зээлд тэргүүлсэн байна.
Монгол дахь нөлөө ба долларын ханш
Холбооны нөөцийн банкны мөнгөний чанга бодлого хөгжиж буй орнуудад капиталын гарах урсгалаар дарамт болж ирдэг. Ялангуяа Монгол мэтийн уул уурхайн экспортоос өндөр хамааралтай орнуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтворгүй байх нөхцөл бүрдүүлдэг нөлөөтэй. Харин АНУ-д бодлогын хүү буурснаар Монголбанк Холбооны нөөцийн банкнаас илүүтэй дотоодынхоо эдийн засгийн нөхцөлд анхаарч, бодлогын хүүгээ эмээхгүйгээр бууруулах боломжтой болохыг Bloomberg Intelligence-ийн Ахлах стратегич Стефен Чу бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа.
Түүнчлэн бодлогын хүү буурснаар ам.долларын ханш сулрах төсөөлөл анхаарал татна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн тавдугаар сараас хойш 3380 орчимд харьцангуй тогтвортой байгаа. Point72 Asset Management-ийн стратегич Софиа Дроссосын шинжилснээр Холбооны нөөцийн банк хүүгээ бууруулах циклээ эхлүүлж, бусад улсуудад эерэг хүлээлт нэмэгдсэнээр ам.долларын ханш доошоо чиглэх тренд рүү орж эхэлж байгаа аж. Өнгөрсөн VIII сар ам.долларын хувьд энэ он гарснаас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй сар байсныг харвал тус тренд аль хэдийн эхэлсэн гэж болохоор байна.
Жэйми Даймон юу гэв?
Банкны салбарын “титан” Жэйми Даймон Холбооны нөөцийн банкны шийдвэрт төдийлөн сүжиглэхгүй байгаагаа илэрхийлсэн. Ямар ч шийдвэр гарлаа гээд “дэлхийг донсолгохгүй” боловч Холбооны нөөцийн банк ямартаа ч хүүгээ бууруулах шаардлагатайг JPMorgan банкны Гүйцэтгэх захирал тэрбээр мягмар гарагт Жоржтауны Их сургуульд үг хэлэхдээ онцолжээ.
Хүмүүс зурагтаар байнга л бодлогын хүү яриад байгаа болохоор надад ч хамаатай болоод байна. Уг нь бол бараг хамаагүй зүйл. Төв банк бодлогын хүүгээ 25 юм уу 50 суурь нэгжээр буурууллаа гэж бодоход дэлхийг донсолгохгүй шүү дээ. Асар их нөлөөтэй гэж хэлэхгүй. Бууруулах шаардлага байгаа л байх. Жером Пауэлл ажлаа сайн хийж байгаа. Гэхдээ энэ бол жижиг хүрээний л асуудал. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн ч бай, бууруулсан ч бай цаана нь эдийн засаг яригдаж байгаа. Эдийн засаг хааш эргэхийг тэд сайн мэдэхгүй.