
Зургийг: Bloomberg/VCG/Getty Images
Видео тоглоомын салбарт тэргүүлэгч “Tencent Holdings” компанийн цэвэр ашиг энэ оны II улиралд тооцоолж байснаас өндөр дүнгээр буюу 82 хувиар өслөө. Энэ нь БНХАУ-ын тоглоомын зах зээл удаан үргэлжилсэн уналтаасаа эргэн сэргэж байна гэхэд болохоор байна.
Эдийн засгийн тодорхойгүй байдал болон зохицуулалтын орчинтой холбоотойгоор БНХАУ-ын тоглоомын зах зээл удаан хугацаанд уналттай явж ирсэн бол “Tencent Holdings”-ийн ашиг ийнхүү өндөр дүнгээр өссөн нь зах зээлд хүлээлт бий болгоод байна.
Тус компанийн ашиг өсөхөд сүүлд танилцуулсан гар утасны "Dungeon & Fighter” тоглоомын орлого өндөр байсан нь гол түлхэц болжээ.

Үүнээс гадна “Tencent Holdings”-ийн орлого тайлант хугацаанд найман хувиар өсөж, 161.1 тэрбум юань хүрсэн бол зар сурталчилгааны орлого нь 19 хувиар өссөн зэрэг нь ашгийн маржин өсөхөд нөлөөлсөн гэж хэлж болохоор байна.
Тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайн гарсан ч БНХАУ-д залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин өндөр, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж байгаа зэрэг нь сорилт дагуулж магадгүй гэж эдийн засагчид үзэж байгаа аж. Хэдий тийм боловч III улиралд тус улсын тоглоомын зах зээл хоёр оронтой тоогоор өснө гэж шинжээчид тооцоолж байна.
“Tencent Holdings”-ийн хиймэл оюуныг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч салбарын бусад компаниудтай харьцуулахад сүүл мушгисан хэвээр байгаа юм.
Үүнээс гадна тус компани сүүлийн саруудад хувьцаагаа эрчимтэй буцаан худалдаж авсантай холбоотойгоор хувьцааны ханш нь энэ он гарсаар 27 хувиар өсөөд байна.