
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
Дэлхийн уул уурхайн зургаа дахь том компани болох БНХАУ-ын “Zijin Mining Group” хөрвөх бондууд болон нэмэлт хувьцаагаар 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлсэн байна.
БНХАУ-ын компаниуд бодлогын хүү өндөр байгаа үеийг ашиглаж хөрвөх бонд гарган бага өртгөөр хөрөнгө босгох нь сүүлийн үед нэмэгдээд байгаа юм.
“Zijin Mining”-ийн 100 хувь эзэмшдэг тусгай зориулалтын охин компани хоёр тэрбум гаруй ам.долларын дүнтэй, 2029 онд хугацаа нь дуусах өрийн хэрэгслийг жилийн нэг хувийн хүүтэйгээр гаргаж буйг мэдээлээд байна. Үүнтэй зэрэгцэн “Zijin Mining” 500 сая ам.доллартой дүйцэх дүн бүхий 251.9 сая ширхэг нэмэлт хувьцаа гаргаж арилжаалжээ.
Энэхүү бонд нь тус компанид урт хугацаандаа хилийн чанад дахь үйл ажиллагаагаа тэлэхэд шаардлагатай санхүүжилтийг бага өртгөөр босгох боломж олгож байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.
Ам.доллароор гаргасан тус бонд нь “Zijin Mining” санхүүжилтийн нийт өртгөө жилд нэг тэрбум гаруй юань буюу 138 тэрбум ам.доллароор бууруулахад дэм болохоор байгааг тус компани мэдэгдэлдээ дурджээ.
Тавдугаар сард БНХАУ-ын технологийн аваргууд болох “Alibaba”, "JD.com", “Lenovo Group” нийт есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрвөх бондоор татсан аж.