
Зургийг: Bloomberg TV Mongolia
- “Orano Mining” Монгол Улсад олон жилийн түүхтэй. Та “Orano Mining”-ийн дэлхийн зах зээл дэх ач холбогдол болон Монголд хуримтлуулсан туршлагынхаа талаар мэдээлэл өгнө үү?
- Тийм ээ, ерөнхийдөө манай компани тун олон жилийн туршлагатай. Бид ураны салбарт 80 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Бид бүхий л тивд, тэр дундаа Канад, Австрали, мөн Өмнөд Америк, Африкийн олон орнуудад үйл ажиллагаа явуулсан. Харин сүүлийн 20-25 жилд бид Төв Ази руу анхаарлаа чиглүүлэх болсон. Учир нь Төв Ази бол ураны ихээхэн нөөц бүхий чухал бүс нутаг. Бид “In Situ Recovery” гэдэг өөр хаана ч байхгүй нөхөн сэргээлтийн технологи ашигладаг. Ил болон далд уурхай байхаас үл хамааран энэ технологи нь газрын гадаргыг эвдэж сүйтгэдэггүй. Өөрөөр хэлбэл олборлолтын үйл ажиллагааны ул мөр үлдээдэггүй гэсэн үг. Ялангуяа Төв Ази дахь олборлолтод тусгайлан зохицсон технологи юм. Тэгэхээр энэ хүрээнд бидний эхний алхам Казахстан байсан. Тэнд тус улсын Засгийн газартай хамтарсан хөрөнгө оруулалттай манай компаниуд, томоохон ордууд бий.
Харин саяхнаас бид Узбекистанд хайгуулын төслөө эхлүүлээд байна. Монголын хувьд бид анх 1997 онд хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Монгол Улс металлын арвин нөөцтэй тул ураны томоохон потенциалтай байх магадлалтай гэж үзэж анхны геологийн судалгааг хийж байсан. Ингээд 1997 онд Монголд ирээд 2006 онд ураны орд илрүүлсэн нь үнэхээр аз завшаантай хэрэг байлаа. Ингээд Монголын зүүн бүс нутаг дахь “Зөөвч-Овоо” хэмээх энэ том орд 2008 онд бараг л олборлолт хийгдэхэд бэлэн болж байсан юм.
- Ураны эрэлт өсөх төлөвтэй гэж сүүлийн үед их яригдаж байна. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ? Бас энэхүү өсөлтийн тренд хэр удаан үргэлжилнэ гэж харж байна вэ?
- Уран нь нүүрстөрөгч багатай эрчим хүчний чухал металл юм. 1960-аад оноос Цөмийн эрчим хүч хөгжиж эхэлсэн. Одоо дэлхий даяар 480 гаруй атомын цахилгаан станцын реактор байна. Мөн өөр олон оронд ч энэ технологийг хөгжүүлэх болсон. Учир нь цөмийн эрчим хүч нь жилийн 365 хоногийн турш тасралтгүй цахилгаан үйлдвэрлэдэг бүрэн найдвартай эрчим хүчний үүсвэр юм. Нар, салхинаас хамаарахгүй, шөнөөр ч ажиллана. Маш цөөн түүхий эдээс найдвартай, чадал сайтай эрчим хүч үйлдвэрлэдэг.
COP21 зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уулзалтуудын ачаар бидэнд цэвэр эрчим хүчний суурь нөөц хэрэгтэйг баталсан. Тэрхүү цэвэр эрчим хүч нь угтаа уран юм. Тэгэхээр бид ураны ирээдүйг тун өөдрөгөөр төсөөлж байна. Энэ нь Монголд ч чухал ач холбогдолтой байгаагийн шалтгаан. Ураныг зах зээлд зөв цагтаа гаргаж чадсанаар энэ нь Монголын хөгжилд цоо шинэ үүд хаалга нээх юм. Бид 2030 оноос эхлэн цөмийн эрчим хүчээ борлуулах түвшний байр суурьтай болох хэрэгтэй. Тэгэхээр хамгийн тохиромжтой цаг үе ирээд байна гэсэн үг.
- Ураны үнэ сүүлийн үед өсөлттэй байна. Ураны үнэ ингэж огцом хэлбэлзэхэд яг юу нөлөөлж байгаа вэ? Цаашдын дүр зураг ямар байна вэ?
- Саяхнаас ураны үнэ хурдацтай өсөх болсон. Улс орнууд, эрчим хүчний компаниуд ураны нөөцөө ихээр бүрдүүлж байна. Бас хөрөнгө оруулалтын сангууд энэ салбарт мөнгө хийж байна. Тэгэхээр зах зээлд ураны арилжаа нэмэгдэнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, шинэ төрлийн цөмийн реакторууд анхаарал татах хэрээр зах зээлд уранд чиглэсэн сонирхол улам нэмэгдэж байна. Эдгээр бүгд нь ураны үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Мөн манайхтай адил олон компанийг ураны уурхайнуудаа олшруулж, хөгжүүлэхэд түлхэц үзүүлж байна. Тэгэхээр ураны үнэ ерөнхийдөө шинэ уурхайн төсөл хэрэгжүүлэхэд яг тохиромжтой цэгтээ ирээд байна.
- Монголд бага оврын атомын цахилгаан станц барих талд та ямар бодолтой байна вэ?
- Яагаад болохгүй гэж. Бага оврын атомын цахилгаан станц нь уул уурхайн салбарт тун тохиромжтой байдаг. Учир нь уурхайн насжилт хэдхэн арван жил үргэлжилдэг. Бага оврын реакторуудын ажиллагаа ч ойролцоо хугацаанд үргэлжилдэг. Тэгэхээр эдгээр реакторууд нь CO2 ялгаруулдаг болон ялгаруулдаггүй уурхайн аль алинд тохиромжтой. Алслагдмал бүсийн уурхайнуудыг эрчим хүчээр хангахын тулд хэдэн мянган км-ийн цахилгаан шугам сүлжээ татах шаардлагагүй болох юм. Өөрөөр хэлбэл уурхайнууд дэргэдээсээ цэвэр эрчим хүч авна гэсэн үг. Тиймээс сонирхолтой санаа гэж хэлж болно.
- Та Монголд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж буй бусад гадаад компаниудад ямар зөвлөгөө өгөх вэ?
- Монгол Улс мэдээж өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Тэгэхээр гаднын компанийн хувьд энэ бүхэн зөвхөн монголчуудын эрх ашгийн төлөө гэдгийг ойлгох ёстой. Ялангуяа Ашигт малтмалын тухай хууль. Тэгэхээр миний зүгээс бусад компаниудад зөвлөх зүйл гэвэл, тэвчээртэй байж, монголчууд яг юу хүсэж байгааг сонсож, уулзалтаар юу яригдав, хамтын ажиллагааны гэрээнд яг юу тусгагдав гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Мэдээж үүнд тодорхой хугацаа шаардлагатай ч амжилт олох боломжтой. Компаниуд тэсвэр тэвчээртэй байж, монголчууд яг юу бодож байгааг ойлгон мэдэж чадвал амжилтад хүрнэ гэж бодож байна.