
Зургийг: Darren Staples/Bloomberg
Ажилдаа идэвх сонирхолгүй ажилтнууд өнгөрсөнд онд Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнд 327 тэрбум гаруй ам.долларын боломжит алдагдал учруулсныг тооцоолжээ. Ажлын бүтээмжгүй байдал хямралын түвшинд хүрч, бусад чинээлэг улсын хойно хоцрох болсон тус улсад энэ нь давхар сорилт болж байна.
Их Британийн 10 ажил эрхлэгч тутмын ердөө нэг нь л ажлаа “идэвхтэй” хийдэг буюу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр хүчин чармайлт гаргадаг гэсэн ангилалд багтсаныг “Gallup” компанийн судалгаа харуулсан юм. Үүнд ажилтнуудын идэвх, сонирхол аажим буурах хандлагыг өнгөрсөн 10 жилийн турш судалсан байна.
2010 оны эхээр аж үйлдвэрлэл хөгжсөн ”Их-7” бүлгийн орнууд дундаа идэвхтэй ажилтнуудынхаа эзлэх хувиар хоёрдугаарт бичигдэж байсан Их Британи өдгөө энэ үзүүлэлтээр “Их-7”-ийн ч Европын бусад орнуудын ч дунджаас доогуур бичигдэх болжээ.

Дээрх судалгаанд ажилтнуудын идэвх сонирхол ба компанийн үйлдвэрлэлийн гарцын хоорондын холбоо хамаарлыг бүхий л салбарт авч үзсэн байна. Ингээд нийт гарцын бууралт, алдагдсан боломж нь Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулж байж болзошгүйг тооцоолжээ.
Энэхүү үзүүлэлт долоодугаар сарын дөрвөнд болох Их Британийн Парламентын сонгууль хүртэл яригдах гол сэдэв болоод байна. Сонгуулийн урьдчилсан судалгаанаас харвал сонгогчид тус улсыг 14 жил удирдсан Консерватив намын засаглалыг эцэслэх магадлал өндөр байгаа юм.