
Зургийг: Bloomberg
“Эрчим хүчний шилжилт”-ийн нөлөөгөөр цахилгаан утас, цэнэг хураагуур, соронз зэрэг эрчим хүчнээс илүү ногоон системд шаардагддаг гол элементүүдийн эрэлт өсөж буй энэ цаг үед улс орнуудын чухал ашигт малтмалаас хамаарах хамаарал нэмэгдэхээр байна.
Энэ явцад газрын тосноос хамаарах хамаарал буурч мэдэхээр байгаа ч багагүй хугацаа шаардагдах нь дамжиггүй юм. Гэвч хамаарлын энэхүү шилжилт геополитик, эрчим хүчний аюулгүй байдал болон байгаль орчны хувьд муу мэдээ юу?
Нийлүүлэлтийн ахиц ба зэсийн саад
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Эрчим хүчний шилжилт ба геополитик: Чухал ашигт малтмалууд шинэ цагийн газрын тос болох уу?” судалгаанд дээрх асуултад хариулах өргөн хүрээний шийдлийг санал болгожээ. Мөн чухал ашигт малтмалаас хамааралтай болно гэдэг хэдий болгоомжлол төрүүлж байгаа ч үнэндээ дийлэнх хувьд нь менежмент хийх боломжтойг тодотгосон байна.
Чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахуйц нийлүүлэлт хийгдэх эсэх нь бодлогын талаасаа гол санаа зовох асуудал байсаар ирсэн. Мөн олборлолт, боловсруулалт нь хэдхэн улсад, тэр дундаа Хятадад хэт төвлөрч буй асуудал ч үүнд хамааралтай юм.
Үүнээс гадна ихэнх чухал ашигт малтмалын хувьд нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэх болоод төрөлжүүлэхэд чиглэсэн дэмжлэг хангалттай байгаагүй. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж буй бөгөөд нийлүүлэлт ч ахиухан нэмэгдэхээр байна. Харин нийлүүлэлтийн хүндрэл сүүдэр мэт дагасаар ирсэн зэсийн хувьд ингэж дүгнэх нь өрөөсгөл ч байж мэднэ.
Учир нь зэс олборлолтын салбар гарцаа хангалттай хэмжээнд өсгөхөд олон саадтай тулгарсан хэвээр. Нийгмийн болон байгаль орчны хяналт шалгалт чангарч, зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа уртассанаар насжилт нь дөхөж буй уурхайнуудыг орлох шинэ ордуудыг илрүүлж, хөгжүүлэхэд улам хэцүү болжээ. Дэлхий даяар хэрэгжиж буй зэсийн 40 төслийн 31 нь нийгэм, байгаль орчин, эдийн засаг болон зохицуулалттай холбоотой томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа гэсэн анализыг Торонтод үйл ажиллагаа явуулдаг “Flashpoint Capital” банк гаргаад байна.
“Дараа нь харамсахгүй” бодлого хэрэгтэй
Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гол түүхий эд литийг авч үзье. Литийн эрэлт 10 дахин, үүнээс ч олон дахин өсөж магадгүй байна. Хэдий тийм боловч эрэлт өнөөдрийн байдлаар нэг сая тонн хүрэхгүй түвшинд байгааг санах хэрэгтэй. Дэлхийн уул уурхайн салбарт эргэлддэг мөнгөний хэмжээ хоёр их наяд ам.доллар бол дэлхийн литийн зах зээл 2023 оны байдлаар ердөө 5.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм.
Зэсээс бусад чухал ашигт малтмалын зах зээлийн төсөөлөл бага байгаа нь тэдгээрийг үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болохгүй гэсэн үг биш болохыг тус судалгаанд онцолжээ. Үнэндээ үйлдвэрлэлийн тэлэлт нь эхэлснийг батлах дохионууд ажиглагдаж эхэлсэн бөгөөд зөвхөн 2022 онд дэлхийн литийн нийлүүлэлт 20 гаруй хувиар өссөн, үүнийг бараг бүхэлд нь БНХАУ-аас бусад улс бүрдүүлсэн байна.
Чухал ашигт малтмал болон газрын тосны эрэлт өдөөгч хүчин зүйлс нэлээн том ялгаатайг санах хэрэгтэй. Газрын тосны хувьд нийлүүлэлтийн хомсдол, манипуляц бий болох үед дэлхийн эдийн засагт эрэлтийг түргэн хугацаанд намжаах боломж бага байдаг. Зарим том компаниуд аливаа улсын ашиг сонирхолд нийцүүлж хөрөнгө оруулалт, гарцын шийдвэрээ гаргадаг. Харин эсрэгээрээ чухал ашигт малтмалуудын дийлэнх нь шинэ төслүүдийн бүтээн байгуулалтын үед л ашиглагддаг. Тиймээс зөв бодлого хэрэгжүүлснээр эрэлтэд хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлэх боломжтойг судалгаанд онцолжээ.
Цаашлаад чухал ашигт малтмалын ихэнх нийлүүлэгчид улсын ашиг сонирхол гэхээс илүүтэй зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн ажилладаг байна. Тиймээс зах зээлийн хүч нийлүүлэлтийг шийдэж, эрэлтийг зөв аргаар зохицуулж байгаа цагт чухал ашигт малтмалаас үүдэх геополитикийн зөрчил, түүнээс дэлхийн эдийн засагт тулгарах эрсдэл нь газрын тосных шиг өндөр биш байна гэж үзжээ.
Эцэст нь дүгнэхэд, “дараа нь харамсахааргүй” бодлогууд санаачлан хэрэгжүүлснээр эдийн засаг, байгаль орчинд сөрөг нөлөөгүй зах зээл бий болгоход дэмтэй гэж Дэлхийн эдийн засгийн форум судалгаандаа тодотгосон байна.
Монгол дахь хүчин чармайлт
Зэс, газрын ховор элементийн арвин нөөцтэй, литийн нөөц ч өндөр байх боломжтойд тооцогддог Монгол Улсад чухал ашигт малтмалын томоохон хэрэглэгч орнууд сонирхлоо илэрхийлэх нь нэмэгдэж, сүүлийн үед хэд хэдэн хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглээд байгаа юм. Тэдгээрээс дурдвал:
- 2023 онд АНУ болон Монгол Улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
- “Эрдэнэс Монгол” ХХК болон БНСУ-ын “Кум Яанг” ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн 2023 оны 11 дүгээр сард Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв нээгдсэн.
- Сүүлд Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камероны айлчлалын хүрээнд хоёр тал ховор металлын чиглэлд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зураад байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com