
Зургийг: Bloomberg/ AFP/Getty Images
Асар их хөрөнгө завшсан хэргээр шүүхээс цаазын ял сонсоод буй Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат Чуон Ми Лан хэрэв 11 тэрбум гаруй ам.долларын хохирлыг нөхөн төлбөл цаазын ялаас өршөөгдөх боломжтойг тус улсын прокурорууд мэдэгдсэн байна.
Өдгөө 68 настай Чуон Ми Лан нь Вьетнамын “Saigon Commercial Bank”-наас 12.3 тэрбум ам.долларын хөрөнгө завшсан хэрэгт гэм буруутай гэсэн шүүхийн шийдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч, улмаар түүнд цаазаар авах ял оноосон юм. Мөн Засгийн газрын албан тушаалтанд авлига өгсөн, банкны зээлийн дүрмийг зөрчсөн хэргүүдэд түүнийг буруутай гэж дүгнэж байв.
Хо Ши Мин хотод болсон давж заалдах шатны шүүх хуралдаанаар прокурорууд хэрэв шүүхээс тогтоосон нийт хохирлын хэмжээний дийлэнх хувийг Чуон Ми Лан эргүүлж төлдөггүй л юм бол түүнд өршөөл үзүүлэх нь тохиромжгүй гэсэн байр суурьтай байсныг Чуон Ми Ланы өмгөөлөгч Жан Хонг Тан мэдээлжээ. Одоогоор түүнд 400 сая ам.доллар зээлдүүлэхээр тохиролцсон гадаадын хөрөнгө оруулагчдын бүлэг байгаа бөгөөд цаазын ялаас зайлсхийхэд шаардлагатай нөхөн төлбөрийн дүнг босгож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа өмгөөлөгч нь мөн илэрхийлсэн байна.
Вьетнамын Эрүүгийн хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн этгээд нийт завшсан хөрөнгийн 3/4-тай тэнцэх хувийг нөхөн төлсөн тохиолдолд шүүхээс ялыг нь хөнгөлөх асуудлыг авч үзэх нөхцөл бүрддэг аж.
Дэлхий дахины анхаарлыг татаад буй энэхүү хэрэг Вьетнамын Коммунист Засгийн газар авлигын эсрэг хатуу аргаар тэмцэж эхэлж буйн сүүлийн жишээ болж байна.