logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Gazprom” компани сүүлийн 24 жилд анх удаа алдагдалтай ажиллав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 03 09:15
    258

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Европын зах зээл хаагдаж, байгалийн хийн үнэ унасан нь “Gazprom”-ийн алдагдалд нөлөөлөв

    Байгалийн хийн олборлолтоор тэргүүлэгч ОХУ-ын Төрийн өмчит “Gazprom” компани 1999 оноос хойш анх удаа алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Тус компани 2022 онд 1.23 их наяд рублийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд 629 тэрбум рублийн алдагдалтай ажилласан байна.

    Тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш 4.4 хувиар унаж, сүүлийн жил гаруйн хугацааны хамгийн өндөр дүнгээр унажээ. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд ногдол ашигтай холбоотой санаа зовнил нэмэгдэж байна.  Тус компанийн гол хувьцаа эзэмшигч ОХУ-ын Засгийн газар батлан хамгаалахын зардал болон барууны хоригоос үүдэлтэй төсвийн сорилттой тулгараад байгаа аж.

    2022 онд Украинтай эхлүүлсэн дайнд барууны улсууд туслалцаа үзүүлж буйд ОХУ дургүйцэж, Европын зах зээлд байгалийн хийн хориг тавьж хариу барьсан юм. Европ нь тус компанийн хувьд хамгийн том зах зээл учраас орлого буурахад шууд нөлөөлсөн байна. Мөн цаг агаар дулаарсан, эрэлт нийлүүлэлтээ давсан зэрэг хүчин зүйлүүд “Gazprom” компанийг алдагдалтай ажиллахад голлон нөлөөлжээ.

    Энэ онд ОХУ Европоос бусад гадаад зах зээлд байгалийн хийн нийлүүлэлтээ 18 хувиар нэмэгдүүлж, 108 тэрбум шоо метр хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд Сибирийг БНХАУ-тай  холбосон хоолой хангалттай хүчин чадлаар ажиллаж байгаа нь нөлөөлж байгаа юм. Хэдий БНХАУ-д хийх нийлүүлэлтээ нэмэгдүүлж буй ч Европын зах зээлийн алдагдлыг нөхөж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.

    “Gazprom”-ийн хөрөнгө оруулалт энэ онд 2.57 их наяд рубль байх тооцооллыг тус компани санхүүгийн тайландаа дурджээ. Энэ нь 2023 оны төлөвлөгөөнөөсөө бараг 16 хувиар буурсан үзүүлэлт болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих