logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Crowdfunding, дериватив ба бусад - Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 29 13:50
    625

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Үнэт цаасны тухай хууль батлагдсанаар үнэт цаас зах зээлд гаргах үйл ажиллагааг хялбаршуулах, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх шинэ зохицуулалтын орчин бий болж, үүнийг даган олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэх үүд хаалга нээгдэнэ

    Гадаадын, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын орон зай үгүйлэгдсээр буй энэ үед Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдаж, хөрөнгийн зах зээлийн харилцааг хуулийн агуулгаар сайжруулах алхам хийгдлээ.

    Шинэ орчин бүрдэнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хууль батлагдсанаар үнэт цаас зах зээлд гаргах үйл ажиллагааг хялбаршуулах, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх шинэ зохицуулалтын орчин бий болж, үүнийг даган олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэх үүд хаалга нээгдэх юм.

    Төсөлд тусгасан өөрчлөлтүүдээс анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг бууруулах, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөхтэй холбоотой заалтуудыг онцолж болохоор байна.

    Мөн олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох саналуудыг УИХ-ын гишүүд дэмжсэн байна. Форвард, фьючерс, опцион зэрэг ихэвчлэн гэрээнүүдээс бүрддэг энэ хэрэгслийн үнэ цэн нь суурь хөрөнгийн үнэ цэнээсээ шууд хамааралтай байдаг. Тиймээс хуулийн төсөлд ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэжээ.

    unnamed (1).jpg

    “Crowdfunding” нэвтрэх нь

    Шинэ хуулийн хүрээнд олон улсад түгээмэл байдаг хадгаламжийн сертификатыг арилжаалах боломж бүрдэхээр байна. Энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирснээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

    Түүнчлэн “Crowdfunding” буюу хамтын санхүүжилтийн зохицуулалт тусгагдсанаар гарааны компаниуд энэ хэлбэрээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн орчин бүрдэхээр болж байна. Монголд стартапын эко систем хөгжөөгүй, анхан шатны хөрөнгө оруулалтууд тухайн улсдаа босдог зарчим байдаггүй тул олон улсаас хөрөнгө татах боломж маш хомс байгааг “Exponential Zaisan Partners” сангийн партнер Г.Гэрэлмаа “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байв.

    Эцэст нь дурдахад, хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах үүднээс мэдээллийн ил тод байдлыг зохицуулагч байгууллагаас тогтоосон шаардлагын дагуу мэдээлж байх үүргийг оруулж өгсөн нь анхаарал татаж байна. Энэхүү зохицуулалт орсноор хувьцаат компаниуд болон үнэт цаас гаргагч хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, үүргээ биелүүлдэггүй үнэт цаас гаргагчийн гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулахгүй байх зэрэг сонголт бий болох аж.

    Ингэснээр цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн үнэт цаас гаргагч нь бага хүүтэйгээр санхүүжилт татах итгэлцэл зах зээл дээр үүсэх, зах зээл хөгжих чухал ач холбогдолтойг тус хуулийн төслийн үр нөлөө үнэлэх судалгааны тайланд онцолжээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих