
Зургийг: С.Батсайхан
Улсын хэмжээнд нийт тариалсан талбай оны эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 59.9 мянган га-гаар буюу 15.8 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ийнхүү буурахад үр тариа, техникийн ургамал, төмс, таримал тэжээлийн тариалсан талбайн хэмжээ буурсан нь нөлөөлсөн гэж харж болохоор байна.
Харин хүнсний ногооны тариалсан талбайн хэмжээ 16.9 хувиар өсөөд байгаа аж. Улсын хэмжээнд оны эхний таван сард 318.6 мянган га-д тариалалт хийснээс 74 орчим хувьд нь буюу 236.1 мянган га-д үр тариа, 16.7 хувь буюу 52.9 мянган га-д техникийн ургамал, гурван хувьд тэжээлийн ургамал, 2.7 хувьд төмс тариалсан бол үлдсэн хэсэгт хүнсний ногоо тариалсан байна.
Үүнээс гадна улаанбуудай, улаанбуудайн гурил, хүнсний ногооны импорт өсжээ. I-V сард дотоодод үр тариа тариалсан хэмжээ буурсан бол голлох үр тариа болох улаанбуудайн импорт өмнөх оны мөн үеэс 6.1 дахин өсөөд байна.
Засгийн газар тавдугаар сарын нэгнээс импортын улаан буудайн гурилын гаалийн татварыг тэглэсэн бөгөөд түүнээс хойш гурилын импортын хэмжээ харьцангуй нэмэгдээд байгааг Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн Хэлтсийн дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.