
Зургийг: Manuel Orbegozo/Bloomberg
Түүхэн өндөр ашигтай ажилласан жилийг үдээд буй “JPMorgan Chase & Co.” банк өнгөрсөн онд Гүйцэтгэх захирлынхаа жилийн цалинг 39 сая ам.доллар хүргэж, нэмэгдүүлжээ.
Тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл 2024 онд Жэйми Даймонд 1.5 сая ам.долларын үндсэн цалин, 37.5 сая ам.долларын гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгохоор шийдвэрлэснээ тайландаа дурдсан байна. Ингэснээр 2023 онд 36 сая ам.доллар хүрч байсан Жэйми Даймоны цалин 8.3 хувиар нэмэгджээ.
"Ноён Жэйми Даймоны удирдлага дор компани өнгөрсөн жилийн хугацаанд геополитикийн зөрчил, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан макро орчинд харилцагч, үйлчлүүлэгчдэдээ амжилттай хүрч ажиллалаа" хэмээн тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс онцолсон байна.
Өдгөө 68 настай Жэйми Даймон “JPMorgan Chase”-ийг бараг 20 жил удирдаж, АНУ-ын хамгийн том банк болгон өргөжүүлсэн юм. Тус банк өнгөрсөн онд 58.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь АНУ-ын банк санхүүгийн түүхэн дэх хамгийн өндөр дүн болсны сацуу хувьцааны ханш нь жилийн хугацаанд 41 хувиар өсжээ.
Үүнээс гадна 2024 онд Жэйми Даймон болон түүний гэр бүл "санхүүгийн төрөлжүүлэлт, татварын төлөвлөлт"-ийн зорилгоор компанид эзэмшдэг нэг сая гаруй хувьцаагаа зарахаар болсныг “JPMorgan Chase” мэдээлж байв. Тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн Жэйми Даймоны гэр бүл одоогоор “JPMorgan Chase”-ийн 7.5 сая гаруй ширхэг хувьцааг эзэмшдэг аж.