
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Азийн орнуудын гадаад валютын нийт нөөц 6.4 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нөлөөгөөр чангарч буй ам.долларын ханшийг тогтоон барих зэвсэг болж чадна гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад өгч байна.
Ам.доллар эрчээ алдахгүй
Аравдугаар сард ам.долларын ханш сарын үзүүлэлтээр сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнгээр чангарсан байна. Дональд Трамп сонгуульд ялалт байгуулах таамаг нэмэгдсэн, мөн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ цаашид хэр эрчтэй бууруулах нь тодорхойгүй хэвээр байгаа нь ам.долларт дэмжлэг болжээ. Азийн бүсийн валютуудыг нэгтгэсэн “Bloomberg”-ийн индекс 2023 оны хоёрдугаар сараас хойших хамгийн тааруу сараа үдэж, тэр дундаа Энэтхэгийн рупи бүх цаг үеийн хамгийн сул түвшинд хүрэхэд ойрхон байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш ч мөн аравдугаар сарын турш тасралтгүй суларч, эргэн 3400 хүрээд байгаа юм. Ингэснээр 2023 оны дунд үеэс хойш тогтвортой хадгалагдаж байсан өсөлтөө алдаж, сүүлийн ес орчим сарын доод түвшинд хүрэв.
Савлагааг зөөлрүүлэх гол хэрэгсэл
Хэрэв Дональд Трамп эрх мэдлээ эргүүлэн авч, “Худалдааны дайн” дахин эхлүүлбэл Азийн валютууд үргэлжлэн суларна гэж стратегичид үзэж буй. Хэдий тийм боловч улс орнууд сүүлийн хэдэн жилийн турш гадаад валютын нөөцөө эрчимтэй нэмэгдүүлсэн нь Төв банкнуудад ханшийн савлагааг зөөлрүүлэх маш сайн хамгаалалт болохыг “Barclays” болон “MUFG Bank” онцолжээ. Ялангуяа Холбооны Нөөцийн банк бодлогын хатуу төлөвөө зогсоож, Азийн орнуудын Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж, ханшаа хамгаалах нь тохиромжгүй сонголт болсон энэ үед валютын нөөц маш чухал аж.
Японоос бусад Азийн орнуудын валютын нийт нөөц 2023 оны эцэст 6.2 их наяд ам.доллар, түүнээс жилийн өмнө 5.9 их наяд байсан бол өдгөө 6.4 их наяд ам.доллар болон нэмэгджээ. Нөөцийн бараг тэн хагасыг нь БНХАУ бүрдүүлж байгаа бол БНЭУ-ынх 700 тэрбум ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна.
Монгол Улсын гадаад валютын нөөц аравдугаар сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сараас 0.83 хувиар нэмэгдлээ. Монгол Улсын гадаад валютын нөөц оны эхнээс дөрөв гаруй хувиар буурсан ч 2022 оны дунд үетэй харьцуулахад бараг хоёр дахин өндөр хэвээр байгаа юм.
Савлагаанаас хамгаалах бусад хэрэгслүүд ч бас байна. Тухайлбал: БНХАУ-д гадаад валютын своп хэлцэл нь Төрийн өмчит банкнуудын юанийг дэмжих гол түлхүүр болжээ. Мөн Малайзын Төв банк Төрийн оролцоотой компаниудыг гадаадын хөрөнгө оруулалтын орлогоо дотоодын мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж авахыг нь дэмжиж байгаа аж.