Зургийг: Qilai Shen/Bloomberg
Эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэж, батлан хамгаалахын зарцуулалтаа нэмэгдүүлэх нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы эхний өдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяны зарласан онцлох зорилтуудын нэг байлаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, гүнзгийрсэн дефляцын дарамтад ороод буй эдийн засагт нь хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлийг сайжруулахын төлөөх энэхүү амбицтай зорилтыг биелүүлэхэд томоохон сорилтууд тулгарна гэдгийг Ли Цян хурлыг нээж хэлсэн үгэндээ хүлээн зөвшөөрсөн юм.
“Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчид энэ онд тус улсын эдийн засаг 4.6 хувиар тэлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа бөгөөд үүнд эдийн засагтаа томоохон дэмжлэгийн арга хэмжээ авахаас цааргалж буй эрх баригчдын өмнө тулгарсан сорилтууд нөлөөлөхийг тодотгожээ.
Түүнчлэн инфляцын түвшнийг гурван хувьд хүргэж, батлан хамгаалах салбарын зарцуулалтыг 7.2 хувиар буюу сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлж, мөн нэг их наяд юанийн дүн бүхий Засгийн газрын урт хугацаатай бондууд нэмж гаргах зорилтуудыг БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас зарласан байна.